logo
Сирийн зөрчил мөргөлдөөн Иранаас болж гаарч байна уу?

Сирийн зөрчил мөргөлдөөн Иранаас болж гаарч байна уу?

2012/10/04
Туркийн ерөнхий сайд Ресип Таеип Эрдоган телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ Орос, Хятад болон Иран улсуудын баримталж буй байр сууриас болж Сири дэх хүчирхийлэл үргэлжилсээр байгааг эрс шүүмжилсэн байна. Эрдоган Сирид засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 30.000 гаруй хүн амь үрэгдсэнийг онцлоод ард иргэдийнхээ цусыг урсгасаар байгаа Сирийн эрх баригчдыг Орос, Хятад, Иран улсууд дэмжиж байна хэмээн ярьжээ. Туркийн ерөнхий сайд түүнчлэн хүчирхийлэл үргэлжилсээр байхад эдгээр улсууд ямар учраас Башар Асадыг дэмжээд байгааг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны мэдэгдсэнээр Ираны эрх баригчид Башар Асадын засгийн газарт зэвсэг нийлүүлж байгаа ажээ.
Сирид засгийн газрын хүчнийхэн болон босогчдын хооронд дайн тулаан үргэлжилсээр байгаа юм. Туркийн эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулахыг Сирийн сөрөг хүчнийхэнд зөвшөөрчээ. Мөн Сирийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг гадны улсууд хамгаалалтандаа авах уриалгыг гаргасан байна. Гэхдээ олон улс Сирийн хямралыг шийдэх тал дээр нэгдмэл тохиролцоонд хүрч чадахгүй байгаа билээ.
"Эмнести Интернэшнл" байгууллагаас мэдээлснээр Сирид 18 сар үргэлжилсэн иргэний дайны үеэр 21.000 гаруй хүн амиа алдаж, 200.000 гаруй хүн хөрш улсууд руугаа дүрвэсэн байна.
Одоогоор Сирийн нийт дүрвэгсдийн  95.000 орчим нь Йорданд, 88.000 нь Туркт, 78.000 нь Ливанд амьдарч байгаа аж. Харин Сирийн 33.000 гаруй иргэн Ирак руу дүрвэн гарчээ. Энэ оны сүүл гэхэд нийт дүрвэгсдийн тоо 700.000-д хүрч магадгүйг НҮБ-аас анхааруулсан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш