Хип хопын урсгалын алтан үеийн амьд домог гэгддэг “Onyx” хамтлаг Монголд ирж тоглохоор болжээ. Тэд энэ сарын 20-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт “Click click boom” хамтлагтай хамтран тоглох юм. Тоглолт гурван цаг гаруй үргэлжлэх юм байна. “Onyx” хамтлаг 1989 онд New-York мужийн Queens хотод дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдсан, хүнд хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тухайн үед ийм урсгалаар уран бүтээл туурвидаг цөөнгүй хамтлаг байсан ч одоо хэр нь уран бүтээлээ таслалгүй үргэлжлүүлж яваа нь зөвхөн “Onyx” хамтлаг юм. Одоо тус хамтлаг гурван гишүүнтэй, өнгөрсөн хугацаанд чамгүй олон дуу, цомог бүтээж, тоглолтоо хийжээ. Анхны хит бүтээл 1993 онд гаргасан “Slam” дуу нь тэднийг урлагийн ертөнцөд таниулсан юм. Тухайн үедээ MTV болон АНУ-ын радиогоор олон удаагийн давтамжтай цацагддаг байсан энэ дууг Монголын залуус амьдаар нь сонсох боломж тун удахгүй бүрдэх нь. Тус хамтлагийнхан аялан тоглолтынхоо аравдугаар сарын хуваарьт Монголыг багтаасан байна. Энэхүү тоглолтод Монголооос реппер GEE болон “Click click boom” хамтлагийнхан хамтран тоглох гэнэ.