logo
“Ормаанчик” хайр уу, “онгироо” хайр уу

“Ормаанчик” хайр уу, “онгироо” хайр уу

2012/10/04
Номинталст хамтлагийн 15 жилийн ой нижгэр болов янз нь. Санасныг бодоход өнөөх хэлээд байсан сүр дуулиан, содон сайхан нь төдийлөн мэлмий гийлгэж, сонор мялаасангүй. Тэгэхээр “бид л цөм авна, бут ниргэнэ, дүүрэн сюрприз барина” гэж хэлдэг нь тоглолт, шоу хийх гэж тэмүүлдэг хэн бүхний жижүүрийн яриа болж таарч байна. Ямар ч байсан Номин талст хамтлагийн залуус 15 жилийн ойн баяраа тэмдэглэж өнгөрүүллээ. Ойн тоглолтын хамгийн их содон хэсэг нь  хамтлагийн дуучин С.Дэлгэрмөрөн эхнэртээ хайртай, дуртайгаа илэрхийлэх гэж 100 сарнай бэлэглэсэн үе байв. Хамтлагийнхнаасаа хамгийн том бие, махлаг, тэр чинээгээрээ бяр тэнхээтэй Дээгий өнөөх “ормаанчик” хайрынхаа бэлгэнд чамгүй түүртэж байгаа нь илт харагдсан. Яг үнэндээ 100 ширхэг сарнайг багцлахад өндрөөрөө 70 орчим, тойргоороо бол 100-ын торх шиг харагддаг аж. Дээгий өнөөх үнэнч хайрынхаа илэрхийлэл багц сарнайгаа дааж ядан үүрээд эхнэр рүүгээ очоод гарт нь хүргэсэн болоод газар тавив. Дээгий өөрөө дарагдчих гээд байгаа юм чинь турьхан жижигхэн эхнэр нь доор нь ороод нам даруулах нь ойлгомжтой учир хөөрхий сарнай цэцэгс шаланд заларч, хайрын бэлгэ тэмдэг болдог юм байна. Яг нарийндаа бол “онгироо” хүний хийрхэл мэт харагдсан тухай гэрчүүд хэлж байна.
Сарнай амьд цэцэг дундаа хамгийн чамин, үзэсгэлэнтэй, бас хайрыг бэлгэддэгээрээ эмэгтэй хүн бүрийн авахыг хүсдэг цэцэгсийг тэргүүлдэг. Нялх, гангамсаг байх тусмаа үнэ, цэнэтэй сайхан харагдаж, өгсөн, авсан хоёрыгоо жаргалтай болгодог шидтэй. Харин Дээгий хэмжээ нормоос нь хэтэрсэн хэлбэрт оруулаад, утгыг алдуулж, газар тавигдахад хүргэчихэв бололтой. Уг нь тэр сайхан сарнайг сайхан эхнэр нь энгэртээ тэвэрч, мутраараа таалж, үнэртэн цэнгэсэн бол төгс сайхан бүрдэх байж. Дээгий хайрынхаа хүчийг харуулахын тулд 100 сарнайгаа 10, 10-аар нь багцлаад сагсанд хийгээд бяцхан хүүхдүүдээр, сайхан залуучуудаар өгүүлчихээд өөрөө хамгийн чамин өнгөлөг нэгийгээ бариад очсон бол хамгийн романтик болох байсан байж мэднэ.  Өөр тэгээд 100 байтугай 1000 сарнай өгөх өчнөөн арга байгаа байх. Ямар ч байсан өнөөх хүнд жингийн 100 сарнай өгсөн, авсан, харсан гарч бүрт эерэг энерги түгээсэн нь хамгийн чухал хэсэг нь болсон аж. Даахын аргагүй их хайранд умбасан дуучин Дэлгэрмөрөнгийн гэр бүлд аж жаргал хүсье.
Ш.Булга
www.shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш