Гүржийн парламентын сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл 55.1 хувийн санал авч, ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Ялалт байгуулсан нь тодорхой болмогц гишүүд дэмжигчид баяраа тэмдэглэсэн байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Гүрж улс анх удаа ардчилсан сонгуулиар эрх мэдлийн шилжилт хийж байгаа нь энэ юм байна. Барууны орнуудын талыг баримталдаг одоогийн ерөнхийлөгч Михэил Саакашвили хэдийгээр намаа ялсан гэж мэдэгдэж байсан ч сонгуулийн үр дүн гарсны дараа ялагдлаа хүлээн зөвшөөрч сөрөг хүчний улс төрч болсон гэдгээ зарлалаа. Оросын талыг баримталдаг тэрбумтан Бидзина Иванишвилийн тэргүүлсэн Гүржийн мөрөөдөл эвсэл парламентад олонхи болсон нь Гүрж улс дахин Оросын нөлөөнд орно гэж шинжээчид үзэж байна. Михэил Саакашвили хэдийгээр Оросын нөлөөнөөс гарч илүү барууныг баримталсан бодлого баримталж байсан ч Гүржид авторитар дэглэм тогтоож, үндсэн хууль зөрчсөн, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, харгис цагдаагийн дэглэм тогтоосон гэж Бидзина Иванишвили түүнийг буруутгаж байгаа юм. Тэрээр Саакашвилиг цаашид ерөнхийлөгч байх үндэслэл байхгүй. Тэрээр Саакашвилиг сайн дураараа огцорч ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль зарлахыг шаардаад байгаа юм. Гүрж улс нь хагас ерөнхийлөгчийн засаглалатай. Ерөнхийлөгч улс орны тэргүүн байж, ерөнхий сайд засгийн газраа толгойлдог. Саакашвили дараа жилийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл албан тушаалдаа үлдэх ёстой. Тэрээр Бидзина Иванишвилитэй тохиролцоонд хүрч чадвал суудалдаа үлдэж, Иванишвили ерөнхий сайд болно. Сонгуулийн маргаан даамжирч эмх замбараагүй байдал үүсч магадгүй гэж ажиглагчид болгоомжилж байсан. Учир нь Гүржид хэзээ ч үймээн самуунгүй тайван ардчилсан сонгууль болж байгаагүй. Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдия болон 1995-2003 онд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Эдуард Швердназе нар бүгд хувьсгалаар засгийн эрхнээс түлхэгдэж байсан юм. Гэсэн ч барууны талыг баримтлагч Михэил Саакашвили буулт хийснээр энэ удаад тайван замаар засгийн эрх шилжих төлөвтэй байна. Бидзина Иванишвили хэдийгээр Саакашвилиг ерөнхийлөгчийн суудлаас огцрохыг шаардаж байгаа ч сонгуулийн үр дүн гарсны дараа Саакашвилигийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Гига Бокерия мэдэгдэл хийж, ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль зарлагдахгүй. Хэрэв хэн нэг нь өдөөн хатгаж дахин ерөнхийлөгчийн сонгууль зарлахыг хүсвэл дахин сонгуулийн хямрал, эмх замбараагүй байдал үүснэ. Энэ бол ардчиллын зарчим биш гэж мэдэгдсэн юм.
Shuum.mn
Shuum.mn