Гүржийн Парламентын сонгууль Оросын талыг баримталдаг “Гүржийн Мөрөөдөл” эвсэл ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүнгийн дараа Гүржийн нийгэм эдийн засаг хэрхэн яаж өөрчлөгдөх нь вэ гэдэгт хүн бүхэн анхаарлаа хандуулаад эхэлсэн. Хатуу нударгаар Гүржийг удирдсан гэж шүүмжлүүлээд байгаа барууны талыг баримтлагч одоогийн ерөнхийлөгч Саакшвилигийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, гадны хөрөнгө оруулалтын дүнд Гүржийн эдийн засаг 2011 онд 7 хувийн өсөлттэй байсан 2012 онд 6 хувьтай байна. Гэсэн ч ажилгүйдлийн төвшин өндөр хэвээр буюу 15 хувьтай байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт ажилгүйдлийн төвшин өндөр байна. Энэ жил гадны хөрөнгө оруулалт 970 сая долларт хүрсэн. Энэ онд инфляци бага буюу 2 хувь байна. Парламентын сонгуульд ялалт байгуулсан Иванишвили Гүржийн нийт ДНБ-ий бараг талтай тэнцэх хөрөнгөтэй буюу Форбес сэтгүүлийн гаргаснаар тэрээр 6 тэрбум долларын хөрөнгөтэй. Иванишвили Гүрж бус харин дэлхийн зах зээлээс 6 тэрбум долларын хөрөнгө босгож чадсан. Хэдийгээр түүнийг Оросын талыг баримталдаг гэж байгаа ч ажиглагчдын үзэж байгаагаар Иванишвили оростой харилцаагаа сайжруулах нь мэдээж. Гэхдээ шууд хараат болохгүй. Мөн илүү нийгэм эдийн засаг, эрүүл мэндэд анхаарсан бодлого явуулах байх гэж таамаглаж байна. Сонгогчид ч нэгэнт амжилттай бизнес явуулаад хөрөнгөтэй болсон хүнийг сонгосон байх магадлалтай юм байна. Сонирхуулахад Гүрж улс нь бүс нутагтаа гадна хөрөнгө оруулалт татсан байдлаараа тэргүүлж байгаа. Дэлхийн банкнаас гаргасан хамтарч бизнес хийхэд хамгийн тохиромжтой улс гэдэг индексээр дэлхийд 16-рт орж байна. Өөрөөр хэлбэл Гүржийн компаниудтай бизнес хийхэд ямар ч дарамт шахалт байхгүй, хууль эрх зүйн орчин нь ойлгомжтой тогтвортой гэсэн үг юм.
Shuum.mn
Shuum.mn