Тамхидалт нь орчин үеийн нийгмийн нэн эмзэг асуудал болоод байгаа билээ. Тамхинаас гарахын тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал, никотины эсрэг эм хэрэглэдэг билээ. Гэхдээ энэ арга нь зүрхэнд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Тамхичдын өргөн хэрэглэдэг "Champix" гэдэг эм нь тэдний тамхи татах хүслийг бууруулдаг боловч учруулах хор уршиг нь асар их байна. Америк болон Английн эрдэмтдийн баг тамхичдад зориулсан эм нь зүрхний үйл ажиллагаанд маш ихээр хүндрэл учруулж, цус харвахад ч хүргэж болзошгүйг тогтоожээ. Уг эмийг хэрэглэсэн хүний сэтгэл санаа тавгүйтэн хямарч, тэр ч бүү хэл амиа хорлох тухай бодож эхэлсэн талаар гомдол мэдүүлжээ. Судлаачид нарийн шинжилгээ хийсний эцэст энэ эмийг хэрэглэх нь зүрх судасны өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Судалгаанд сайн дураараа оролцсон хүмүүс үхээгүй нь мэдээж боловч заримынх нь биеийн байдал дээрх эмийг хэрэглэсний дараа нэлээд мууджээ. Д.Жаргал