logo
СЕХ-ын даргаар Ч.Содномцэрэнг томиллоо

СЕХ-ын даргаар Ч.Содномцэрэнг томиллоо

2012/10/06
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.  2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын даргад ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсөн байна. Тэрээр сонуулийн ерөнхий хорооны даргаар 2009 оны нэгдүгээр сараас эхлэн ажилласан бөгөөд биеийн байдлаас шалтгаалан ажлын ачааллаа багасгаж, өөр ажилд шилжих хүсэлтээ ийнхүү УИХ-ын даргад илэрхийлсэн аж. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.4.1-т зааснаар  сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байна. Үүний хоёр нь орон тооны байх агаад УИХ-ын даргын санал болгосноор УИХ томилно хэмээн заасан байдаг байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн ерөнхий хорооны даргад тус хорооны наргийн бичгийн даргаар ажиллаж буй Чойнзонгийн Сондомцэрэнг томилох тухай саналаа байнгын хорооны гишүүдэд танилцуулж, дэмжигдлээ.
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Р.Бурмаа, Н.Алтанхуяг нар, Орон нутгийн сонгууль зарлагдаж, намууд тодорхой болсон хариуцлагтай үед гэнэт өргөдлөө өгсөнд нь гайхаж байна. Нөгөө талаар хариуцлагаас зугааж байна уу даа гэх хардлага ч төрүүлж байна. Н.Лувсанжав дарга ажлаа хуулийн дагуу сайн гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа. Төрийн өндөр хариуцлагатай ажлыг хийж чадна гээд тангараг өргөсөн хүн ингээд замын дундаас ид ажлын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь тоогүй. Хариуцлагын тухай ярих хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж нэр дэвшигч Ч.Содномцэрэнд ийм үйлдэл давтан гаргахгүй байхыг сануулав.
Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргад Б.Алтанжаргалыг, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрцогтыг тус тус нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, мөн дэмжсэн. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг тус хорооны гишүүдээс сонгож, УИХ-ын дарга УИХ-д санал болгодог бол СЕХ-ны гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлэх учиртай. Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдэд хуулийн дагуу, ил тод байж, төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой, улс төржихгүйгээр ажиллахыг хэлж байсан юм. Түүнчлэн төрийн өндөр хариуцлагатай ажилд томилогдсон атлаа ямар ч хариуцлага хүлээхгүйгээр өргөдлөө өгөөд явдаг буруу тогтолцоог халж, хариуцлагын механизмтай болох тал дээр анхаарах цаг болсныг онцолж байлаа.
Мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан болж дээрх нэр дэвшигчдийг томиллоо.
Нэр дэвшигчдийг товч танилцуулвал:
1.    СЕХ-ны даргад нэр дэвшигч Ч.Содномцэрэн
Чойнзонгийн Содномцэрэн нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд ХААДС-ийг зоотехникч мэргэжлээр төгсчээ. 1994 онд ОХУ-ын Санкт Петербург хотын ХААИС-ийн докторантурт суралцаж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич цол хүртжээ.
1976-1985 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд мал аж ахуйн эрдэм шинжилгээний ажилтан, 1985-1999 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, захирал, 1999-2000 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны дарга, 2009- оны нэгдүгээр сараас одоог хүртэл СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
1.    СЕХ-ны нарийн бичгийн даргад нэр дэвшигч Б.Алтанжаргал
Батнямын Алтанжаргал нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалж, 2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгсчээ.
Тэрээр 1985-1987 онд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт хуулийн зөвлөх, 1987-2005 онд Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 2005 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хуулийн зөвлөх, 2012 оны ес дүгээр сарын 11-нээс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2008 оноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албыг тус тус хашиж байна.
1.    СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрцогт
Даваадоржийн Дэлгэрцогт нь 1958 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Украйн Улсын Киев хотын Улсын ард аж ахуйн дээд сургуульд 1977-1982 онд суралцаж эдийн засагч, Япон улсын Ёкохамагийн Үндэсний их сургуулийн аспирантурт 1994-1997 онд суралцжээ. Эдийн засгийн ухааны мастер, дэд профессор цолтой.
Д.Дэргэрцогт нь ажлын гараагаа 1982 онд Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын лабораторид хронометрожчиноос эхэлжээ. Улмаар 1985-1989 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1989-1991 онд Тавилга, төхөөрөмжийн үйлдвэрийн дарга, 1991-1993 онд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1997-2004 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах референт, газрын дарга, 2004-2007 онд Төрийн өмчийн хороонд хэлтсийн дарга, 2007-2008 онд Байгаль орчны дэд сайд, 2009-2012 онд Бүтээмжийн төв төрийн бус байгууллагын захирал, 2012 оноос Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш