Зэвсэглэсэн сөрөг хүчний гол хүч байрласан тус улсын хоёр дахь том хот Алеппог сирийн цэргүүд бараг чөлөөллөө. Сирийн САНА агентлагийн уламжилж байгаагаар алагдсан алан хядагчдын дунд түркийн хөлсний алуурчид байна. Халеб хот руу давшилт хийх замд сөрөг хүчний хэдэн арван хуягт тээвэрлэгч, ачааны машинуудыг устгасан байна. Түрк улстай хил залгаа нутагт түгшүүртэй байдал хэвээрээ байна. Хилийн ойролцоох Айн-Иса гэдэг газраар хил давахыг оролдсон дээрэмчдийн бүлэглэлийн давшилтыг сирийн цэргүүд таслан зогсоосон байна. Хөлсний алуурчид ихээхэн хохирол амссан бөгөөд амьд үлдсэн дээрэмчид нь түркийн хил рүү зугтаажээ. Хомс хотоос 30 километрт ливаны хилийн ойролцоо байдаг Эль-Кусейр хотын дүүрэгт бүгсэн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийг устгах ажиллагааг армийн тусгай анги нэгтгэлүүд явуулж байна. Жусии, Рабла, Назари хотууд болон Эль-Хоула, Эт-Тейбре хөндийд байрласан засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийн байрлалд нисдэг тэрэг, их буугаар цохилт өгч байна. Харин “Сирийн чөлөөт арми” гэгчийн командлагч Абдель Раззак Тлас “босогчдын” хүч Хомс орчимд нэгдсэн бөгөөд “сөрөг давшилтанд орохоор бэлтгэж байна” гэж мэдэгдсэн байна.