Өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээр 128 судар болон үнэт зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Эл хэргийг тухайн үед шалгалт хийж явсан гаалийн Улсын байцаагчид илрүүлсэн байна. Хэргийг үйлдсэн этгээд нь МИАТ ХК-ийн ажилтан Х гэгч байсан аж. Одоогоор түүнийг сэжигтнээр татаж байцаалт авч байгаа гэнэ.
Тухайн үед сэжигтэн Х тийзээ захиалан аваад эд зүйлсээ тээшинд өгсөн байсныг нь гаалийн байцаагчид сэжиглэн шалгажээ. Шалгалтаар түүний эд зүйлээс 128 ширхэг судар, хонх, дамар гээд бурхны холбогдолтой зүйлс гарч ирсэн аж. Тиймээс хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүлээлгэн өгөөд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.
Эх сурвалж:"Өглөөний Сонин"