logo
Хөсөр хаягдсан хүүхдүүдээ яах вэ?

Хөсөр хаягдсан хүүхдүүдээ яах вэ?

2012/10/08
Төрүүлж өсгөсөн үрээ орхидог “хөхөө” бүсгүйчүүдийн талаар бид бишгүйдээ л нэг ярьж, бичдэг. Харин орхиод явсан үрсийг нь өсгөөд өгчих газар ч үгүй улс гэж бас байх юм.

Өнчин хүүхдийг харж, хамгаалдаг зөндөө асрамжийн газар бий шүү дээ гэж уншигч авхай та бодож мэднэ. Гэхдээ энд өнчдийн асрахын тухай биш сэтгэцийн өвчтэй, саажилттай, тахир дутуу бяцхан үрсийн асрах газрын талаар ярьж байна.

Асрах газар биш юм аа гэхэд “хоргодох" байр ч байхгүй Монгол Улсын талаар бичиж байна. Тэгсэн хэрнээ жил бүр төрөлхийн гажиг, согогтой хүүхэд төрөх нь ихэсч, оюуны хомсдолтой, элдэв өвчин эмгэгтэй хүүхдүүд төрж байгааг өдөр, шөнөгүй ярих.

Нэгэнт төрж байгаа нь ойлгомжтойгоос цааш дараагийн алхамыг авч, хэрэгжүүлэх нь зөв баймаар.

Одоогийн байдлаар манай улсад эцэг, эхдээ хаягдсан 0-3 настнуудыг халамжилдаг ганцхан газар байдаг нь Нялхсын клиник сувилал юм. Хэдийгээр эрүүл саруул хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй бусадтай нь хамт өсгөх нь зохимжгүй ч өнөөх монголчилдог араншингаараа нөхцөл, боломжиндоо тааруулаад л үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тэр. Тэгээд ч хөхөө өвлийн хүйтэнд эцэг, эхдээ хаягдсан бяцхан үрсийг ямар гудамжинд орхилтой нь биш авахаас өөр аргагүй.

Одоогийн байдлаар тус төвд 5-12 насны есөн хүүхэд байгаа бөгөөд мэдээж нас нь хэтэрч, дүү нартайгаа хамт байхад “томдох” болсон учир өөр газарт шилжүүлэх шаардлагатай байгаа юм билээ. Гэвч тэднийг авах дараагийн шатны байгууллага, эмнэлэг, асрах газар байхгүй учраас 0-3 насны бяцхан дүү нартайгаа хамт өсч, бойжиж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд ч яахав Нялхсын клиник сувилалд өсч, бойждог юм байж. Гэтэл төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй, оюуны хомсдолтой хүүхдүүдээ яах вэ? Тэднийг эцэг, эх нь гудамжинд орхичихдог. Улмаар цагдаа нар олдог боловч Нялхсын клиник сувилалд эсвэл СЭСҮТ-д шилжүүлдэг байна. Согтуурч, танхайрсан этгээдүүдийг яая гэж байгаа цагдаа нар мэдээж сэтгэцийн өвчтэй хүүхдүүдтэй зууралдахгүй нь мэдээж. Зууралдах гэсэн ч боломж байхгүй юм чинь дараагийн шатны хүлээж авах байгууллагад нь шилжүүлэхээс аргагүй. Улмаар 0-3 насны хүүхдүүдийг Нялхсын клиник сувилал авч, томчуудыг нь СЭСҮТ-д шилжүүлдэг. Харамсалтай нь СЭСҮТ-д тэднийг эмчлэх ганцхан тасаг бий. Тэр нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тасаг буюу Хүүхэд өсвөр үеийн тасаг юм. Мэдээж энд ор, дэрнээс эхлээд эмч, сувилагч нарын тоо хаанаа ч хүрэлцэхгүй.

Гэтэл жил бүр хүнд хэлбэрийн оюуны хомсдол, тархины саажилттай хүүхдүүд нэмэгдэж байгаа аж. Харамсалтай нь 20-25 хүүхдийн дунд ганцхан сувилагч, асрагч үйлчилдэг. Мэдээж тэднийг эцэг, эх нь тоодоггүй бөгөөд 11 настайдаа ирсэн 27-той залуу ч байдаг аж. Хамгийн хэцүү нь тархины саажилттай хүүхдүүдийг хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой бусадтай нь хамт эмчлэхэд маш хүндрэлтэй байдаг бөгөөд эмчилгээ, асаргаа бүгд өөр байдаг юм байна.

Хэдийгээр төрүүлсэн эцэг, эхийнх нь өмнөөс төр хариуцлага хүлээх ёсгүй ч хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн ирээдүйн эзэд өсч, бойжиж байгаа мартах учиргүй.

Уул уурхайгаас олсон орлогоороо ганц сувилал, цэцэрлэг, асрах газар байгуулчихаж болохгүй гэж үү. Хэдийгээр бид пицца нь түргэнээсээ хурдан ирдэг нийгэмд амьдарч байгаа ч хүн чанараа гээх учиргүй билээ. Цэнгээний газар, зочид буудал барихад олддог газар өвчтэй хүүхдүүдэд олдохгүй гэж үү? Хэн нэгэн авлигачны нөмрөх булган дээлний мөнгө эцэг, эхдээ хаягдсан тэдэнд хүртэхгүй юм уу?

Х.Өнөржаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш