logo
Зан Зи Бусанд

Зан Зи Бусанд "Аюултай Харилцаа"-г авчрав

2012/10/09
Хятадын жүжигчин Зан Зи 17 дахь удаагийн "Бусаны Олон Улсын Кино Наадам"-д шинэ кинотойгоо хүрэлцэн иржээ. Тэрээр "Dangerous Liaisons" буюу "Аюултай Харилцаа" кинонд хамтран тоглосон жүжигчдийн хамт Сөүлд болсон хэвлэлийн хуралд оролцож, өөрийн бүтээсэн дүрийн талаар ярьсан байна. Зан хэлэхдээ "Энэ дүрийг авсан хэн ч баярлах байсан. Гэхдээ энэ дүрийг бүтээхэд нэлээд ярвигтай байлаа. Энэ киноны зураг авалтын туршид би нэг зүйлийг ойлгосон. Бүх жүжигчид үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхийн тулд эхлээд киноныхоо үйл явдал, агуулгыг ойлгож, кинондоо орох хэрэгтэй байсан" гэжээ. "Аюултай Харилцаа" киног "Лей Лихесон Донжухус" хэмээх Францын алдартай зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Өмнөд Солонгосын найруулагч Хаар Жин-хо "Би Солонгос найруулагчийн хувьд 1930-аад оны Шанхайд өрнөдөг үйл явдлыг харуулсан киног бүтээхэд бэрхшээлүүд тулгарч байсан, эхэндээ энэ талаар нэлээд санаа зовсон" хэмээн ярьсан байна. Есдүгээр сарын 27-ноос Хятадын театруудаар гарч эхэлсэн "Аюултай Харилцаа" кино аравдугаар сарын 11-нээс Өмнөд Солонгосын үзэгчдийн хүртээл болох юм байна. Энэ жилийн Бусаны Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 13-нд хүртэл үргэлжилнэ. Кино наадмын үеэр 304 дэлгэцийн бүтээлийг танилцуулах юм байна. Жүжигчин Зан Зиг Монголын үзэгчид "Гейшагийн Дурсамж", ”Гэртээ харих зам”, “Нуугдах бар, Хүрхрэх Луу” зэрэг киногоор нь андахгүй сайн мэдэх болсон. Бээжинд төрж өссөн тэрээр найман настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн бөгөөд 11-тэй Бээжингийн Бүжгийн Академид элсэж байжээ. Зан 15-тайдаа хүүхэд залуучуудын үндэсний бүжгийн тэмцээнд түрүүлж байсан байна. Тэрээр 19 настайдаа кино урлагт хөл тавьж байжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш