logo
Хятадын шинэ удирдагчдад хэд хэдэн сорилт тулгараад байна

Хятадын шинэ удирдагчдад хэд хэдэн сорилт тулгараад байна

2012/10/09
Энэ 10 дугаар сард 21-р зуунд дэлхийн чиг хандлагыг тодорхойлохоор хүчирхэгжин гарч ирж байгаа БНХАУ-ын удирдлагуудын бараг 70 хувь нь солигдож, шинэ залуу үедээ халаагаа өгнө. Гэсэн ч удирдлага солигдохын өмнөхөн Дундад улс хөрш зэргэлдээх улсуудтайгаа газар нутаг, арлын маргаан дэгдээж дипломат харилцаандаа сэв суулгаад авсан. Аливаа улсын цаашдын ирээдүйг тодорхойлдог эдийн засгийн өсөлт удааширсан, экспорт болон гадаад худалдаа буурсан. Сүүлийн 13 жилд тохиолдоогүй эдийн засгийн уналтанд орсон. Өөрөөр хэлбэл маш хүнд үед удирдлага солигдох гэж байна. Тэгвэл шинэ удирдлагуудыг ямар ямар сорилт хүлээж байна вэ? Шинэ эрх баригсдад хэдэн сорилт тулгараад байгаа. Нэгдүгээрт Хятадуудын эв нэгдэл. Хонконгийн Их Сургуулийн профессор Дэвид Звейгийн хэлснээр, Дундадын эрх баригчид ард түмээсээ хэт хол тасарсан. Баян хоосны ялгаа хэт ихэссэн. Тиймээс шинэ удирдлагууд ард түмний амьдралд яг юу болж байгааг эрх баригчид мэдэх хэрэгтэй. Тэдний үг, дуу хоолойг сонсох шаардлагатай болсон. Ард түмэнд магадгүй шинэ соргог санаа байж болно. Коммунист намын дарга нар бус харин иргэд өөрсдөө орон нутгийн эрхийг барьдаг болох. Орон нутгийн төлөөллийг намаас томилдог бус нутгийн удирдах байгууллагыг өөрсдөө сонгодог болох зэрэг өөрчлөлт шаардлагууд тулгарч байгаа юм. Учир нь өнгөрсөн жил орон нутгийн оршин суугчид болон намын эрх баригчдын хооронд газрын маргаан үүсч газар шорооны төлөөх тэмцэл, хөдөлгөөн өрнөсөн. Нутгийн иргэд намын гишүүд эрх мэдлээрээ түрүй барин аж ахуйгаа эрхэлдэг газар нутгийг нь булаан авсанд дургүйцсэн. 2-рт Иргэд. Эдийн засагчдын үзэж байгаагаар Хятадын ДНБ хангалттай өндөр бус байна. Мөн эдийн засгийн тогвортой өсөлт байхгүй. Хэзээ л бол хэзээ эдийн засгийн өсөлт буурах магадлалтай. Өөрөөр хэлбэл Дундад улсын эдийн засаг хэт экспорт, гадаад худалдаа, гадаад орнуудаас хамааралтай байгаа. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөө дутмаг, хүссэн мэдээллээ чөлөөтэй авч чадахгүй хаагдмал байгаа нь Хятад залуусын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Төрийн буюу олон нийтийн үйлчилгээ муу байгаагаас иргэдийн төрд итгэх итгэл муу байгаа. Үүнийгээ дагаад хувийн секторын өсөлт хөгжил муу байгаа нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. 3-рт Аж үйлдвэр. Дундад улсын иргэд харьцангүй чинээлэг болж, бага цалинтай хүнд нөхцөлтэй орчинд ажиллах нь багасч байгаа. Хятадууд хямд хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ худалдаж амьдарсаар ирсэн энэ вуургүй арга яваандаа явуургүй болно. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Дундад улс одооноос үйлдвэрлэлийнхээ технологийг сайжруулж, өөрсдийн гэсэн Брэндтэй болох шаардлагатай байгаа. Ингэж чанаргүй, зардал ихтэй үйлдвэрлэлээс зардал багатай өндөр технологи бүхий аж үйлдвэржилтэнд шилжихийн тулы хямд төсөр эрчим хүчний хэрэгцээ гарна. Өөрөөр хэлбэл аж үйлдвэртэй холбоотой бүхий л салбартаа шинэчлэл хийх шаардлагатай. 4-рт дипломат харилцаа. Дундад улсын хувьд хөрш Филиппин, Вьетнам, Япон улсуудтай газар нутгийн эзэмшлийн маргаан үүсгээд байгаа. Ялангуяа Японтой Даюу буюу Сенкаку арлыг булаацалдаж, эдийн засаг болон гадаад худалдааны хувьд хамгийн их дэм болж байсан Японтой харилцаа нь хурцдаад байгаа. Геополитикчдийн үзэж байгаагаар Дундад улс нь зөвхөн бага сагахан арал булаацалдаж байгаа бус харин шинээр гарч буй хүчирхэг гүрэн гэдгээ бүс нутагтаа, цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд арал мэтийг булаацалдаж, шалтаг болгож байгаа юм байна. Харин АНУ-ын хувьд Ази номхон далайд өөртэй нь өрсөлдөхүйц хүчирхэг Хятад гарч ирж байгаад түгшиж байгаа. Мэргэжилтнүүдийн хувьд Дундад улс хэдий бүс нутагтаа хүчирхэгжиж байгаа ч гэсэн хөрш улсуудаа айлгаж сүрдүүлэлгүйгээр аль болох энхийг эрхэмлэж найрсаг харилцаатайгаар хамт хөгжих нь өөрсдөд нь ашигтай. 1980-аад оноос өмнө Дундад улс хөршүүддээ хэт түрэмгий хандаж байснаас харилцаа нь муудаж, өөрсдөө ганцаардсан. Харин Зүүн Өмнөд Азийн орнууд илүү ойртож нягтарсан түүх бий. Хөршүүдтэйгээ харилцаа нь сайжирснаар эдийн засаг нь өсч эхэлсэн. Дэлхий дээрх нэр хүнд имиж нь сайжирсан. Тэгэхээр Дундад улсын шинэ удирдлагуудын хувьд 1960-1970-аад оныг давтах хэрэггүй. Дээр дурьдсан 4 асуудлаа шийдээд явбал сайн сайхан ирээдүй харагдаж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш