logo
 Ж.Баянмөнхөд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээв

Ж.Баянмөнхөд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээв

2012/10/11
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Баянмөнх, С.Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
С.Мөнхжаргал нь Говь-Сүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Шивээ говь” ХК-ийн НӨАТ-д төлсөн 80 сая төгрөгийг төрийн сангаас гадуур данс нээн авсан эсэхийг шалгаж байсан шалгалтыг зогсоолгох зорилгоор 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн албан өрөөнд 2 сая төгрөг хээл хахууль болгон өгсөн аж.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ж.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулжээ. Харин С.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, түүнийгээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн юм.
Нийслэлийн шүүх уг хэргийг давж заалдах шатны журмаар энэ оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 268.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш