logo
Сирийн арми болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр

Сирийн арми болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр

2012/10/11
Сирийн цэргүүд мягмар гарагт Турк болон Ливаны нутаг дэвсгэрээс довтолсон босогчдын довтолгооныг няцаав гэж САНА агентлаг мэдээлж байна. Босогчид Жанудия суурингийн ойролцоох Телль-Нахб гэдэг уулын бүсэд нэвтрэн орж улмаар Жиср-эш-Шугур хэмээх давааны замыг гартаа оруулахыг оролдсон аж.
"Сирийн армийн алба хаагчид дайсантай тулгаран тулалдаж хэд хэдэн босогчийг хороосноор бусад нь Туркийн хилийн даван зугтлаа" гэж САНА мэдээлэв.
Түүнчлэн "Ливан-Сирийн хил дээрх Хирбет-Нуэйматад нийтдээ 300 хүнтэй зэвсэглэсэн хоёр отрядыг зогсоож чаджээ. Тэд террорын эсрэг томоохон ажиллагаа явагдаж байгаа Хомс хотоос өмнө зүгт 30 км-т орших Эль-Кусейр хотын орчимд бүслэгдсэн сөрөг хүчний зэвсэглэсэн бүлэглэлүүдэд туслахын тулд бүслэлтийг сэтлэхийг оролдсон аж. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан босогчид Ливаны нутаг дахь Машари-эль-Каа гэдэг газар руу ухарсан байна.
Дамаск хотоос умард зүгт 165 км-т орших үйлдвэрийн төв Хомс хот дахь "Сирийн чөлөөт арми"-ийн түшиц газар болж байсан Халидия дүүрэгт мягмар гарагт засгийн газрын цэргүүд довтлон оржээ. Энэхүү цэвэрлэгээний үеэр тэнд нуугдаж асан 100 гаруй босогчийг устгасан тухай мэдээг "Аль-Алям" телевизийн суваг дамжууллаа.
Харин Идлиб мужийн Маарат-Нааман хотод ширүүн тулалдаан өрнөж байгаа тухай мэдээлэл ирж байна. Сирийн чөлөөт армийн анги нэгтгэлүүд тэнд армийн хэд хэдэн харуулын цэгийг гартаа оруулснаар хотын төв рүү дөхөж байгаа аж. Түүнчлэн Алеппо хотоос баруун зүгт орших Атарибт армийн 46 дугаар хороо бүслэгдээд байгаа гэнэ. Босогчид хоёр долоо хоногийн туршид тус хотыг эзлэн авахаар оролдсоор байна. Гэвч Сирийн нисэх хүчний дэмжлэг бүслэгдсэн гарнизоныг аварч байгаа ажээ.
Сирийн умард нийслэл болох Алеппо хот дахь босогчдын хяналтад байгаа хойд болон өмнөд, зүүн өмнөд дүүргүүд рүү "шийдвэрлэх довтолгоон хийхээр" армийн анги нэгтгэлүүдийг татсаар байна. Харин Шейх-Масуд дахь курдийн сайн дурынхан хөрш Бустан-эль-Баша районд бугшсан босогчидтой мягмар гарагт "хүчээ үзжээ". Энэ нутагт миномётоор буудсаны улмаас хоёр ажилчин алагдан, дөрвөн хүн шархадлаа. Кфар-Хамр, Кфар-Туран, Завран, Карам-эль-Жебель хотуудын орчимд Сирийн арми хэд хэдэн амжилттай ажиллагаа явуулснаар хуягт техник бүхий дээрэмчдийн бүлэглэлүүд устгасан байна.
С.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш