Одоогоос бараг 20 жилийн өмнө Японд хүн амины хэрэг үйлдээд зугтсан Тайланд эрийг саяхан баривчилжээ. 1993 онд Токио хотод Японы иргэн Мегуми Аважиг өрөөндөө байхад нь хутгалж амь насыг нь бүрэлгэсэн Вирасак Иампхонсаг олон жилийн турш эрэн сурвалжилсан юм. Шөнийн цэнгээний газар ажилладаг байсан тэрээр даваа гаригт Банкок хотод хэвлэлийнхний өмнө хэргээ хүлээж, уучлалт гуйсан байна. Вирасак хэлэхдээ "Намайг 30 юм уу 40 жил шоронд хорих байх. Гэхдээ би ялаа дуусгаад шоронгоос суллагдана. Тэглээ гээд Япон эмэгтэй буцаад амьдрахгүй" гэжээ.
Японы засгийн газрын хүсэлтээр хүн амины хэргийн сэжигтнийг эрчимтэй хайсны дүнд түүнийг өнгөрөгч ням гаригт Тайландын өмнөд хэсэгт орших Накхон Си Тхаммарат хотоос баривчилсан байна. Одоо 39 настай Вирасак Иампхонсаг 1993 оны гуравдугаар сард Токио хотод нэг байранд хамт амьдарч байсан 33 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байсан юм.
Вирасак сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Тухайн үед Мегуми Аважи мөрийтэй тоглоод мөнгөө алдсандаа уурсаж, намайг удаа дараа доромжилсон. Над руу хутга шидсэн. Хутга орон дээр унах үед тэр хутга руу ухасхийсэн. Гэхдээ би өрсөж хутгыг авсан, би маш их уурласан байсан учраас түүнийг нэг удаа хутгалсан" гэсэн байна.
Вирасак Япон эмэгтэйг хөнөөснийхөө маргааш өдөр нь бүх эд зүйлээ аваад Токиогоос Тайланд руу буцжээ. Тайландын хуулиар түүнийг бусдын амь насыг санаатайгаар хороосон хэргээр буруутгана. Тайланд Японд улсууд хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр байгуулаагүй байдаг байна.
Э.АМАР