Мексикийн аюулгүйн хүчнийхэн Зетас хэмээх хар тамхины бүлгийн толгойлогчдын нэгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр баривчилжээ. Түүнийг сүүлийн жилүүдэд үйлдэгдсэн зарим ноцтой гэмт хэргүүдэд сэжиглэж байгаа юм байна. Армийн хэвлэлийн төлөөлөгч Хосе Луис Вергарагийн хэлснээр Салвадор Алфонсо Мартинез Эскобедог өнгөрөгч бямба гаригт баривчилжээ. Түүнийг 2010 онд хойд хэсгийн Тамаулипас мужид 72 цагаач иргэдийг хөнөөсөн гэмт хэрэгт сэжиглэж байгаа аж. Эскобедо түүнчлэн 2010 онд Нуэво Ларедо хотын шоронгоос 151 ялтныг, саяхан Пиэдрас Неграс хотын шоронгоос 131 хоригдлыг оргуулсан хэрэгт нэр холбогджээ.
Цагдаа нар түүнийг Тамаулипас мужийн цагдаагийн мөрдөгчийг хөнөөсөн хэрэгт мөн буруутгаад байна. Мексикийн хууль сахиулагчид Мартинез Эскобедог баривчлахад тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд сая долларын шан харамж амлаад байжээ.
Цагдаа нарын мэдээлснээр 2010 онд Зетас болон Гольфо хэмээх хар тамхины бүлгүүдийн хооронд болсон тулалдааныг тэрээр толгойлсон байна. Хоёр гол толгойлогчийг нь баривчилсан учраас Гольфо бүлэглэлийн хүч нөлөө нилээд сулраад байгаа юм.
Зетасыг Мексикийн хамгийн нөлөө бүхий, аюултай хар тамхины бүлэглэлүүдийн нэг гэж үздэг. Фелиппе Кальдероныг 2006-2012 оны хооронд Мексикийн ерөнхийлөгчөөр ажиллах зургаан жилийн хугацаанд Мексикт хар тамхины мафиудтай холбоотой гэмт хэрэг хүчирхийллийн улмаас 55000 гаруй хүн амь насаа алджээ.
Шинээр гаргасан нэгэн тайланд онцолсноор Мексикийн 10 шорон тутмын зургаад нь хоригдлуудын бүлэг эсвэл хар тамхи дамлагч бүлэглэлүүд хяналтаа тогтоосон байдаг байна. Мексикийн хүний эрхийн комиссоос мэдээлж байгаагаар шоронгуудын ачаалал хэтэрсэн, харгалзагчдын тоо хангалтгүй байдаг төдийгүй авилгад идэгдсэн шоронгийн ажилтнууд заримдаа хоригдлуудад оргоход нь тусалдаг ажээ.
Э.АМАР