Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Засгийн газрын сайдууд болон парламентад суудалтай намын дарга нартай уулзсанаа онцлоод энэ удаа Ерөнхий сайд хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Засгийн газрын сайдуудтай уулзахад салбарын асуудлаа сайн мэддэг, мэдлэг чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэнд нь Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүссэн.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа.Тиймээс Улаанбаатар хот дахь АНУ-ын элчин сайдын яам 25 жилийн ойг тохиолдуулан 2012 оны туршид хоёр орны харилцаатай холбогдох цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буйгаа элчин сайд онцоллоо.
Ерөнхий сайд хоёр орны харилцааг өргөжүүлэх тал дээр ерөнхий асуудлууд яригддаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газар тодорхой асуудал дээр бодитойгоор хамтран ажиллах болно гэдгийг онцоллоо