logo
Үлэг гүрвэлийг эсийн аргаар хувилан гаргах боломжгүй

Үлэг гүрвэлийг эсийн аргаар хувилан гаргах боломжгүй

2012/10/12
Үлэг гүрвэлийг эсийн аргаар хувилан гаргах боломжгүй гэсэн дүгнэлтийг Австралийн Баруун Австрали мужийн Мердок их сургуулийн эрдэмтэд хийлээ. Тэд Моа хэмээх 136 шувууны ясны эд эсийг радионүүрстөрөгчийн арга хэрэглэн шинжилсэн байна. Шинэ Зеландад нутаглаж байсан энэ аварга том шувууг ойролцоогоор 600 жилийн өмнө маори омгийнхон бүгдийг нь устгасан байна.
    "Эртний амьтны ясны эд эсийг Цельсийн 13,1 градусын температурт байлгавал ДНК-гийнх нь тоо нь 521 жил тутамд тал нь устаж алга болдгийг бид судалгааны явцад тогтоосон. Бид хэрэв ясны эд эсийг -5 градуст байлгавал ДНК-гийн хамгийн сүүлчийн молекул нь 6,8 сая жилийн дараа устаж алга болно гэдгийг тогтоосон" гэж судалгааны багийн ахлагч Майк Банс ярьжээ.
    Америкийн зохиолч Майкл Крайтены "Юрийн галавын цэцэрлэг" хэмээх шинжлэх ухааны зөгнөлт роман болон найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн ийм нэртэй кинонд эрдэмтэд Карибын тэнгис дэх нэгэн арал дээр үлэг гүрвэлүүдийг хэрхэн эсийн аргаар хувилан гаргаж амьтны хүрээлэн байгуулж байгаа тухай өгүүлдэг. Харин дэлхий дээр амьдарч байсан хамгийн сүүлчийн үлэг гүрвэл Цэрдийн галавын үеийн эцсээр буюу 65 сая жилийн өмнө устаж үгүй болсныг шинжлэх ухаан тогтоосон ба энэ нь Австралийн эрдэмтдийн дээр дурдсан 6,8 сая жилээс хамаагүй урт хугацаа юм. Өөрөөр хэлбэл, үлэг гүрвэлийн ДНК өдгөө устаж үгүй болсон учраас хувилан гаргах боломжгүй гэсэн үг юм.
    "Үлэг гүрвэлийг ДНК-г нь хувилах замаар дахин амьдруулах боломжтой гэх дам яриа 1993 онд Стивен Спилбергийн киног дэлгэцнээ гарсны дараа гарах болсон. Зарим эрдэмтэд хүртэл ийм боломж бий юу гэж биднээс асуудаг" хэмээн Майк Банс ярилаа.
Д.Жаргал

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш