logo
Тоёота компани 7.4 сая автомашинаа эргүүлэн татна

Тоёота компани 7.4 сая автомашинаа эргүүлэн татна

2012/10/12
Хятад болон Япон улсуудын арлын эзэмшлийн маргаанаас үүдэж Дундад улс дахь “Тоёота”, “Ниссан”, “Хонда” зэрэг Японы автомашины борлуулалт буураад байгаа. Өнгөрсөн хэдэн хоногт л гэхэд Хятадад Япон машины борлуулалт 50 хувиар буураад байна. Тэгвэл энэ удаад “Тоёота” компани автомашинуудад үйлдвэрийн гэмтэл гарсан гэсэн үндэслэлээр 7.4 сая машинаа дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна. “Тоёота” компанийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар шинээр үйлдвэрлэгдсэн “Тоёота”-гийн “Яарис”, “Королла”, “Камри” зэрэг 11 загварын автомашины автомат цонх өргөгч гэмтэлтэй болсон. Цонх өргөгчнөөс утаа гарсан, гацсан цаашлаад гал гарах аюултай гэж үзэн олон сая машинаа эргүүлэн татахаар болсон байна.  Гэхдээ автомат цонх өргөгчний гэмтлээс болж ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл одоогоор байхгүй байна. Гадны улсуудад байрлаж байгаа Японы автомашины үйлдвэрүүд сүүлийн хэдэн жил өөдлөхгүй байна. 2011 онд Тайландад үер болж “Тоёота”-гийн үйлдвэр усанд автсан. 2011 оны 3-р сард Японд газар хөдлөлт болон цунами болж автомашины үйлдвэрүүд мөн усанд автан үйлдвэрлэл зогсож байсан. 2009-2010 онд “Тоёота”-гийн автомашины хааз буюу хурдны эд ангид үйлдвэрийн гэмтэл гарч хэд хэдэн хүн хурдаа багасгаж чадалгүй осолдсон. Мөн л 7 сая орчим машинаа эргүүлэн татсан. Өөрөөр хэлбэл “Тоёота” компани 1980-90-ээд онуудад гялалзаж, дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байсан үе дээрээ очиж чадахгүй байна. Хямралаас хойш хөл дээрээ бүрэн босч чадахгүй өдийг хүрчээ. Гэхдээ хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бодолцож, автомашинаа эргүүлэн татах нь мөн тухайн компанийн нэр хүндийн асуудал байдаг юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ удаад зөвхөн автомат шил өргөгчний асуудал бус харин буураад байгаа борлуулалт болон нэр хүндээ өсгөхийн тулд “Тоёота” компани машинаа татаж олны анхаарлыг татаж байж бас магадгүй юм байна. “Тоёота” компани 2000-аад онуудад АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн магнат болох “Женерал Моторс” компанийн борлуулалтыг гүйцэж. Дэлхийд борлуулалтаараа удаа дараа тэргүүлж байсан юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш