logo
АНУ  Иордан руу цэрэг илгээв

АНУ Иордан руу цэрэг илгээв

2012/10/12
Сирийн хямрал гүнзгийрч байгаатай холбогдуулан Иорданы цэргийн хүчин чадлыг бэхжүүлэхийн тулд Сиритэй залгаа Иорданы хил рүү АНУ цэргээ илгээсэн гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгджээ.
    Энэ оны тавдугаар сард Иордан руу цэргийн ажиллагааны 100 шинжээч болон бусад мэргэжилтнийг илгээсэн тухай АНУ-ын цэргийн удирдлага дахь эх сурвалж мэдээллээ. Тэр цагаас хойш дахин Америкийн хэдэн арван цэргийг илгээсэн байна.
    Урьд нь The New York Times сонинд мэдээлснээр, Сирийн эрх баригчид химийн зэвсэгтээ тавих хяналтаа алдаж, тэрчлэн Сирийн дүрвэгсдийн цувааг тогтоон барихад Иорданы цэргүүдэд туслах зорилгоор Америкийн цэргүүдийг илгээсэн ажээ.
    Өндөр тушаалын офицероор удирдуулсан америк цэргүүд Амман хотоос хойш орших Иорданы армийн цэргийн сургуулилтын төвд байрлаж байгаа тухай тус сонин мэдээлжээ.
    Гэтэл Иорданы цэргийн дарга нар улс оронд нь Америкийн цэргийн тусгай отрядуудыг нууцаар илгээсэн тухай мэдээллийг няцаасан байна. "Иорданчууд аливаа аюулыг өөрсдөө дарах чадалтай" гэж эх сурвалж хэлжээ.
    "Иордантай найрсаг харилцаа бүхий орны цэрэг тус улсад байгаа нь бүс нутагт болж буй үйл явдалтай ямар ч хамаагүй, харин цэргийн сургуулийг уламжлал ёсоор хийх гэж байгаатай холбоотой" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш