logo
Хятадын шинэ удирдлагууд 11 дүгээр сард томилогдоно

Хятадын шинэ удирдлагууд 11 дүгээр сард томилогдоно

2012/10/12
Хятад улс цэрэг эдийн засгийн салбарт хүчирхэгжиж бүс нутагтаа төдийгүй дэлхийн бодлогод нөлөөлөхүйц хүчирхэг гүрэн болон гарч ирж байгаа. Тэгвэл энэ шинээр гарч ирж байгаа нөлөө бүхий улсын эрх баригч намын конгрессийн 18 дахь чуулган 11 сард болох гэж байна. Энэ чуулганаар Конгрессийн гишүүд болон эрх барих төвшний удирдлагуудын 70 хувь нь  солигдоно гэсэн судалгаа гараад байгаа. Өөрөөр хэлбэл тэд залуу үедээ халаагаа өгнө. Дараагийн ерөнхийлөгчөөр сая хэсэг хугацаанд олны өмнө гарахгүй алга болж, сандаргаад байсан дэд ерөнхийлөгч Ши Жинпин томилогдох нь тодорхой болсон. Ийм чухал жил Хятадын эдийн засгийн өсөлт удаашрилтай, сайнгүй байгаа. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 6 хувиар буурсан. Төрийн мэдлийн компаниудын үйл ажиллагаа мөн 16 хувиар буураад байгаа. Жей-Пи-Морганы хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн судлаач, стратегич Адриан Моватын ярьж байгаагаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Хятадын шинэ удирдлагуудын эдийн засгийн реформ өөрчлөлтийг хэрхэн хийхийг анхааралтай ажиглаж харж байгаа. Тэдний бодлого үйл ажиллагаанаас хамаарч хөрөнгө оруулна гэж төлөвлөж байгаа. Эдийн засагчдын үзэж байгаагаар Хятад улс сүүлийн хэдэн жил бараа бүтээгдэхүүн хямдаар үйлдвэрлэж, түүнийгээ экспортлох замаар эдийн засгаа хөгжүүлж ирсэн. Одоо Дундадчууд үйлдвэрлэгчээс хэрэглэгч улс болж шилжих ёстой. Шинэ удирдлагуудын хувьд инноваци буюу бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө шинэчилж, зохион бүтээж, шинийг санаачлах салбарын үйлдвэр хэрэгтэй болоод байгаа. Мөн олон нийтийн үйлчилгээг сайжруулах, хувийн хэвшэл болон олон нийтийн үйлчилгээний уялдааг сайжруулах,  хөдөө орон нутгаас хот руу шилжин ирэгсдийг ажил төрөлтэй, мэдлэг боловсролтой болгох, төрийн өмчийн үйлдвэрүүдийг аль болох цөөлж, либералчилж, ашигтай ажилладаг, баялаг үтээдэг болгох зэрэг олон асуудал тулгараад байгаа юм.  2007 онд буюу Ху Жинтао ерөнхийөлөгчөөр улиран томилогдож байх үед Хятадын эдийн засаг хурдацтай өсч байсан. Харин одоо Дундадын худалдааны гол түнш АНУ болон Европын Холбооны орнуудын эдийн засгийн өсөлт буурснаас болж, Хятадын экспорт буурч эдийн засгийн өсөлт удаашраад байгаа. Хятадын шинэ удирдлагууд санхүү эдийн засгийн салбартаа томоохон өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш