logo
Путин жүдогийн наймдугаар дантай болжээ

Путин жүдогийн наймдугаар дантай болжээ

2012/10/12
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жүдогийн наймдугаар дантай болсон тухай Олон улсын жүдогийн холбоо /ОУЖХ/ мэдээллээ.
    "ОУЖХ-ны хүндэт гишүүн, жүдочин асан, улсын гарамгай удирдагч Владимир Путин спортын энэ төрлийн хосгүй элч төлөөлөгч мөн" гэж тус холбооны албан ёсны мэдээнд дурджээ.
    Путин спортын олон төрлийг, юуны түрүүнд, жүдо болон уулын спортыг сонирхдогоороо алдартай. ОХУ-ын төрийн тэргүүн тэрбээр жүдогийн спортын мастер бөгөөд спортын энэ төрлөөр Санкт-Петербургийн нэг бус удаагийн аварга болж байжээ. Түүнээс гадна каратэгийн хар бүстэй юм. Тэрбээр 11 настайдаа самбо болон жүдогоор хичээллэж эхэлжээ. Тэрчлэн Путин хоккей, мөсний чарганы спортыг сонирхдог, керлинг, автоспорт, агаарын теннис, гар барилдаанд хүчээ сорьдог нэгэн аж.
    Дан гэдэг нь жүдогийн мастерын зэрэг бөгөөд 1-ээс 10 хүртэлх дан олгодог.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш