logo
Афганы анхны эмэгтэй рэппэр хэн бэ?

Афганы анхны эмэгтэй рэппэр хэн бэ?

2012/10/12
"Миний түүхийг сонс, Миний зовлон шаналалыг сонс" хэмээн Афганистаны анхны эмэгтэй рэппэр Сосан Фироз дуулж байна.  23 настай уран бүтээлч анхны рэп дуугаа гаргасан нь эмэгтэйчүүдийн эсрэг хуучны зарим хоцрогдсон уламжлал амь бөхтэй оршсоор байгаа Афган улсад тун сонин содон зүйлд тооцогдоно.
Фироз Иран руу дүрвэж, тэндээ таван жил амьдраад эх орондоо эргэн иржээ. Одоо тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа уран бүтээлээрээ, хурц ширүүн үгтэй дуугаараа илэрхийлэх болсон байна. Тэрээр ярихдаа "Бид Иранд байхдаа талх авахаар нарийн боовны мухлаг руу явснаа санаж байна. Тэд биднийг балиар Афганчууд, дарааллын ард зогс гэж хэлж байсан. Одоо камерын өмнө хэлж болохооргүй муухай үгээр доромжилж байсан" гэжээ.
Сосан ийнхүү рэп дуу дуулснаараа Афганистаны нийгэм дэх шашинтай холбоотой маш олон дүрэм журмыг зөрчиж байгаа юм. Гэхдээ түүнийг амьдралдаа тохиолдсон зүйлсээ уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлж байгаа зоригтой эмэгтэй гэдгийг хэлэх хүн олон байна.
Тэрээр гадны улсад дүрвэн амьдрах нь ямар хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн Афганчуудын нэг юм. 2002 оноос хойш Афганы 5.7 сая иргэн эх орондоо эргэн ирсэн ч Пакистан болон Иранд гурван сая орчим Афганчууд амьдарсаар байна. Тиймээс рэппэр Сосан эх орондоо амьдрахыг хүмүүст уриалж байна.
Түүний аав Абдил Фирозын хэлж байгаагаар охин нь ийнхүү рэп дуу дуулж зурагтаар гарах болсон учраас зарим төрөл төрөгсөд нь тэднээс зайгаа барих болжээ.
Талибын дэглэмийг түлхэн унагасны дараа батлагдсан үндсэн хуульд эмэгтэйчүүдийг тэгш эрхтэй байна гэж заасан ч бодит амьдрал дээр тэдний эрх нилээд хязгаарлагдмал байдаг ажээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш