logo
76 настай Наталья Пугачова олны танил болсныхоо ачаар эцгийнхээ булшийг олжээ

76 настай Наталья Пугачова олны танил болсныхоо ачаар эцгийнхээ булшийг олжээ

2012/10/12
Наталья Пугачова олонд танигдсан алдартан болсныхоо ачаар дэлхийн хоёрдугаар дайны үеэр нас барсан аавынхаа булшийг олжээ. Тэрээр энэ жилийн "Euro Vision" дууны уралдаанд аялгуулаг сайхан дуугаараа хоёрдугаар байр эзэлсэн "Бурановские Бабушки" хамтлагийн гишүүн юм.
Хамтлагийн хамгийн ахмад, хамгийн жижиг биетэй Пугачова одоо 76 настай. Тэрээр олон улсын тэмцээнд оролцож олонд танигдсаныхаа ачаар аавынхаа булшийг олжээ. Түүний аав 1942 онд Нацистуудтай тулалдаж байхдаа сураггүй болсон байна. Пугачова хэвлэлийн хурлын үеэр түүний аав Яков Бегешев түүнийг зургаан настай байхад нь ор сураггүй болсныг хэлжээ.
Москва хотын өмнөд хэсэгт орших Воронеж мужид тулалдаан үргэлжилж байх үед Бегешевийн бичсэн сүүлийн захидлыг түүний гэр бүлийнхэн хүлээн авсан аж. Тэрээр захидалдаа маш ширүүн тулалдаан болж байгаа учраас амьд гарахгүй байж магадгүй тухайгаа бичсэн байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн 27 сая орчим цэрэг амь үрэгдсэн түүхтэй. Үүнээс гадна олон арван мянган хүний нэр сураггүй бологсдын жагсаалтад бичигдсэн юм.
Сайн дурынхан Оросын баруун хэсгийн ой мод, намаг шавраас цэргүүдийн цогцос болон тэдний талаарх мэдээллийг бичсэн байдаг хөнгөн цагаан пайзыг хайдаг байна.
Сайн дурынхан олон удаа албан ёсны хүсэлт гаргаж, албаны хүмүүстэй холбогдсоны дүнд Пугачовагийн аавыг хаана оршуулсныг мэдэж авчээ. Пугачова өнгөрсөн амралтын өдрүүдээр Воронеж мужийн Малая Верейка тосгонд очиж, дурсгалын хөшөөн дээр бичигдсэн эцгийнхээ нэрийг харсан байна. Энэ талаар Оросын төрийн мэдлийн телевизээр мэдээлжээ. Тэрээр ээжийнхээ булшнаас авчирсан шороогоо аавынхаа булшны шороотой хольсон байна. Мөн ээжийнхээ булш руу авч явахаар аавынхаа булшны шорооноос авчээ.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш