Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг авч хэлэлцэв.
Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм. Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, улсын төсвөөс нийслэлд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 11 тэрбум төгрөг байхаар тогтоосон байна.
Энэ удаагийн төсөл нь нийслэлийн төсвийн батлагдсан төлөвлөгөөг 17 тэрбум 468 сая төгрөг, хотын шуудын магадлалыг 10 тэрбум 800 сая төгрөгөөр бууруулсан тухай мэдээлэл байв. Төсвийг бууруулж, өөрчлөлт хийснээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 20, Замын санд нэг, тэрбум төгрөг, урсгал зардалд гурван тэрбум төгрөг нэмж зарцуулах боломтой болж байгаа аж.
Мөн 2012 оны төсвийн орлого эхний есөн сарын байдлаар 14 тэрбум төгрөг, давж биелсэн үзүүлэлт ч байгаа тухай мэдээллээ. Эдгээрийг тооцон төсөвт нэмэлт, өөрчлөлт хийж, төсөл боловсруулсан байна. Тухайлбал, цалин хөлс болон түүнтэй адил орлогын албан татварыг 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, шинээр барьсан барилга байгууламжийг үл хөдлөх хөрөнгийн татварт бүрэн хамруулах зэрэг журмаар хотын төсөвт 228.5 сая төгрөг нэмэхээр төлөвлөжээ.
Харин төсвийн урсгал зардлын тухайд зарим өөрчлөлтийг хийсэн байна. Тодруулбал, НИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан үйл ажиллагааны зардлыг 175 сая төгрөг, НЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд 325 сая төгрөг, гэр хороололд байгуулах Захирагчийн ажлын албаны зардалд 220, гэр хорооллын хог тээвэрлэх ажилд 578 сая төгрөг гэх мэтчилэн шаардлагатай төсвийг холбогдох ажлын хэсгүүдийн зардалд нэмж олгохоор төсөлд тусгасан байна.
Хэдийгээр дээрх мөнгийг шинээр нэмж төсөвлөсөн ч анх нийслэлд батлагдсан төсөв 4.5 тэрбум төгрөгөөр, нийслэл болон дүүргүүдийн урсгал зардлын хэмжээ 2.7 тэрбумаар буурч байгааг ажлын хэсгийнхэн онцлов.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"