Наадмын гол хүнс бол хуушуур. Тиймдээ ч монголчууд хуушуур идэхээрээ л наадамлалаа гэж үзэх нь олонтаа байдаг. Иймд наадмын хуушуур эргүүлдэх зуураа хеликобактери хэмээх өвчин авахаас сэргийлэхэд тань тус болъё.
Хеликобактери хэмээх өвчний нэр сүүлийн үед их дуулдах болсон. Юунаас болж тусдаг өвчин юм бол гээд мэдээлэл хайсан чинь ердөө л бохир аяга, тавгаар халдварладаг өвчин гэнэ. Эрүүл ахуйн дэглэм сахиж, цэвэр орчинд хооллох нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга юм байна. Мөн бохир орчинд бэлдсэн, дутуу угаасан аяга тавганд хоол идэх, боловсруулаагүй хүнсний ногоо, түүхий жимс хэрэглэх нь энэ өвчний шалтгаан болдог гэнэ. Хэдийгээр цөсний үрэвслээс болж ходоод үрэвсдэг ч манайхан энэ вирусын халдварыг хоол хүнснээсээ их авч байна гэж эмч, мэргэжилтнүүд үздэг юм байна.
Хоолны шингэц тааруухан болох, гэдэс цанхайх, цээж хорсох, хатгуулж өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах, шинжилгээ өгч, вирусын халдвар байгаа эсэхийг оношлуулах хэрэгтэй ажээ. Цусны болон дуран авиан шинжилгээгээр энэ өвчнийг оношилж байгаа. Иймээс бага дээр нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өвчин даамжирвал шархлаа, цаашлаад хавдар үүсгэдэг. Хавдар болсон тохиолдолд эмчлэхэд хүнд гэж Улсын клиникийн төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын танхимын тэргүүлэх зэргийн эмч Ц.Минжүүр зөвлөснийг уншлаа.
Хеликобактери нь төгс эмчлэгддэг өвчин учир тохирсон, системтэй эмчилгээ хийлгэж, эрүүл, чанартай хүнсээр зөв хооллох нь чухал юм байна. Аяга тавгаар халдварладаг учир гадуур хооллохоос аль болох зайлсхийж, эрүүл ахуйн дэглэм сайн сахиж, цэвэр орчинд хооллоход энэ өвчний халдвар авахгүй байх боломжтой гэнэ. Тиймээс наадмын өдрүүдэд цэвэр орчинд “хуушуурдах” хэрэгтэй болжээ.
Ш.Оч