Ийм нэртэй үзэсгэлэн өнөөдөр Үндэсний музейд нээгдэв. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Ерөнхий сайдын урилгаар ирсэн , хүндэт зочин ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова ч хүрэлцэн ирсэн байлаа.
Засгийн газрын тэргүүн үзэсгэлэнг нээж, хэлсэн үгэндээ “ Манай Үндэсний их баяр наадмын хүндэт зочин, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова танд “Монголын уламжлалт баяр наадам”-ыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн батламж, ““Монгол Алтайн хадны зураг”-ийг дэлхийн өвд бүртгэгдсэн гэрчилгээ, “ Алтан товч”, “ Ганжуур, Данжуур”-ыг дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн гэрчилгээг монголын ард түмэнд хүргэж ирсэнд онцгойлон талархал илэрхийлье” хэмээлээ.
Түүнчлэн Ерөнхий сайд цааш хэлэхдээ “ Монгол улс, АНУ-ын олон талт хамтын ажиллагаа нь шинэ цаг үе, шинэ нөхцөлд шинэ хэлбэрээр өргөжин хөгжиж байгаа бөгөөд хоёр талын соёл, боловсролын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1989 онд гарын үсэг зурснаас хойш соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн. Энэхүү хамтын ажиллагааны тод жишээ бол европ даяар алдартай “Чингис хаан- Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнг БСШУЯ, АНУ-ын Дино Дон компанитай хамтран АНУ-ын дөрвөн хот, Сингапур улсад зохион байгуулсан явдал юм. Энэхүү үзэсгэлэн нь онцлог жилтэй энэ жил “Чингис хаан үзэсгэлэн Монголд” нэрээр Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад баяртай байна.
“ Чингис хаан-Монголын эзэнт гүрэн үзэсгэлэн” нь Америкийн ард түмэнд цаашилбал дэлхийн нийтэд монголын түүх, өв соёлыг таниулан сурталчлах, монгол америкийн ард түмний харилцан ойлголцол, найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн юм.
Мөн энэ үеэр ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова “ Монгол Шунхан Данжуур”, Лу.”Алтан товч” өвүүдийн батламжийг Монголын Үндэсний номын сангийн удирдлагуудад албан ёсоор гардуулан өглөө. Эдгээр өвүүд нь Монгол улсаас дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгэгдсэн анхны өвүүд болж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ