logo
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн “бууж өгөхгүй” гэлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн “бууж өгөхгүй” гэлээ

2012/10/13
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр хэвлэлийн хурал зарлаж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Ингэхдээ офицерийн мөрдөс зүүж, бусад эмнэлгийн ажилтнуудаас 26 хувиар өндөр цалинждаг тус эмнэлгийн эмч ажилтнууд юуны өмнө цэргийн хүмүүс гэдгийг сануулж, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол цолоо хураалгаад ажлаа өгөх ёстой гэдгийг хэлсэн.

Түүнчлэн “мөрдэстэй нөхдүүдэд” үйлчилдэг хоёр эмнэлгийг нэгтгэж, нэг шинжилгээ, оношлогооны аппарат суулгах нь төсөвт хэмнэлттэй гэсэн юм.

Харин тус эмнэлгийн эмч, ажиллагсад салбарынхаа сайдын шийдвэрийг эсэргүүцэн, цаашид тэмцэхээ илэрхийлэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус эмнэлгийн их эмч Ч.Хүдэрчулуу:
-ТТАХНЭ-ийн үйлчлэх хүрээ нь төрийн тусгай албан хаагчид, тэдгээрийн ар гэр, чөлөөнд гарсан ахмадуудад үйлчлээд зогсохгүй Чингэлтэй дүүргийн ард иргэдэд мэс заслын үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүртээмжгүй болгож, өнөө маргаашгүй ашиглалтад орох гэж буй барилгыг булаацалдаж байгаад гайхаж байна” гэлээ.

Харин ТТАХНЭ-ийн мэс заслын их эмч М.Алтанхуяг, “Биднийг бусад эмнэлгийн ажилчдаас 26 хувийн өндөр цалин авдаг хэмээн ард түмэнд буруу ойлголт төрүүлээд байна. 2011 оны байдлаар Клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч нарын сарын дундаж цалин 724 мянга, хоёрдугаар эмнэлэг 632 мянга, гуравдугаар эмнэлэг 664 мянга байхад манай эмнэлгийх 552 мянга байна” гэлээ.

Ийнхүү энэ эмнэлгийн албан хаагчид цаашид ямар шийдвэр гарахаас үл хамааран тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн юм.

А.Сүрэн 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш