logo
Умард Солонгостой залгаа хилийн өргөст торыг өндөр хүчдэлд холбоно

Умард Солонгостой залгаа хилийн өргөст торыг өндөр хүчдэлд холбоно

2012/10/13
Хятадын эрх баригчид Умард Солонгостой залгаа хилийн шугамын дагуух өргөст торыг өндөр хүчдэлд холбохоор шийдсэн тухай Daily NK сонин БНХАУ-тай хиллэдэг Хамгён-Пукто муж дахь эх сурвалжаасаа иш татан мэдээлжээ. Бээжин ийм аргаар БНАСАУ-ын хилчид болон бусад иргэн хил зөрчих, тэрчлэн гэмт хэрэг үйлдэх явдалтай тэмцэх гэж байна.
Сонинд мэдээлснээр, өргөст торонд 220 вольтын хүчдэл залгах аж. Харин эх сурвалжийн мэдээлснээр, хүнийг гэмтээхэд 380 вольтын хүчдэл шаардлагатай юм.
Хятад улс урьд нь хил зөрчих болон гэмт хэрэг үйлдэхийг багасгахын тулд БНАСАУ-тай залгаа хил дагуу өргөст тор татсан нь мэдэгдэхүйц үр дүн өгөөгүй байна. Мөн Хятадын эрх баригчид Умард Солонгосын дүрвэгчдийн тухай мэдээлэх онцгой системийг хүртэл нэвтрүүлжээ. Тухайлбал, хилийн хотуудын оршин суугчид Умард Солонгосын хил зөрчигчийг тусламж хүсээд ирвэл нууцаар цагдаа болон хилчдийг дуудах боломжтой болсон байна.
Үүний сацуу БНАСАУ-аас зугтан ирэгсдийг дүрвэгч болохыг Бээжингээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд БНХАУ-д олон улсын хамтын нийгэмлэгээс шахалт үзүүлж байгаа аж.
Гэвч БНХАУ-ын эрх баригчид тэднийг эдийн засгийн сонирхлоор хууль бусаар шилжин ирэгсэд гэж үзсэн хэвээр байгаа төдийгүй эх оронд нь албадан буцаасаар байна. Хил давах оролдлого хийгээд баригдсан хүн бүрийг засан хүмүүжүүлэх газар хүлээж байдаг аж.
Умард Солонгос ч иргэдээ гадны нөлөөллөөс хамгаалах, зугтагчдын тоог цөөрүүлэх арга хэмжээ авч байна. Тус улс мөн адил хил дээрээ өргөст тор татаж, дүрс бичлэгийн камер суурилуулжээ.
З.Амгалан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш