logo
Мадонна пакистан охинд зориулан дуулав

Мадонна пакистан охинд зориулан дуулав

2012/10/13
Алдарт дуучин Мадонна Лос-Анжелест хийсэн концертынхоо үеэр Пакистаны 14 настай, хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфазид "Human Nature" дуугаа зориулан дуулсан тухай The Hollywood Reporter цахим хуудсанд мэдээлжээ.
Мадонна MDNA цомгоо сурталчлах хүрээнд аялан тоглолт хийж байгаа аж. Тоглолтынхоо үеэр тэрбээр 18 мянган үзэгчдээ хандан "чухал юм" ярихыг хүсч буйгаа мэдэгджээ. Малала охины түүхийг сонсоод уйлснаа Мадонна ярьсан байна. "14 настай сурагч охин сургуулийнхаа тухай блогтоо бичжээ. Талибууд охины сууж явсан автобусыг зогсоогоод түүн рүү буудсан байна. Үнэхээр аймаар байгаа биз" гэж Мадоннаг хэлэхэд үзэгчид түүнийг дэмжин "Боловсролыг хамгаалъя! Эмэгтэйчүүдийг хамгаалъя!" хэмээн хашгирч байжээ. Дараахан нь Мадона тайчих үзүүлбэр үзүүлж, үзэгчид рүү нуруугаа харуулахад Малала гэсэн бичээс байв. "Малала, энэ дууг чамд зориулъя" гэж Мадонна хэлээд "Human Nature" дуугаа дуулжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Вашингтонд хийсэн концертынхоо үеэр тэрбээр мөн нуруун дээрээ "Обама" гэж бичсэн байсан бөгөөд шүтэн бишрэгчдэдээ хандан одоогийн Ерөнхийлөгчийг дэмжихийг уриалж байв.
10 дугаар сарын 9-нд "Талибан" хөдөлгөөний босогчид Малала Юсуфази охин руу буудаж, хүзүү, толгойд нь сум туссан билээ. Охин Пешавар хотын эмнэлэгт мэс засал хийлгэсэн боловч хараахан ухаан ороогүй байна. Охиныг ухаан орвол заавал цааш харуулна гэж талибуудын төлөөлөгч мэдэгджээ. Малала 11 настайгаасаа интернэтэд өдрийн тэмдэглэл хөтөлж алдаршсан байна. Тэрбээр блогтоо талибуудын террорист ажиллагааны тухай бичиж, Ойрхи Дорнодын эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг аж.
З.Амгалан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш