logo
Москва-Дамаскийн чиглэлийн онгоцонд цэргийн ачаа байсан

Москва-Дамаскийн чиглэлийн онгоцонд цэргийн ачаа байсан

2012/10/13
Анкарад хүчээр буулгасан Сирийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцонд цэргийн зориулалттай ачаа байсан. Москва-Дамаскийн чиглэлд нислэг үйлдэж явсан Airbus A320 нисэх онгоц Туркийн агаарын хилд нэвтрэхдээ олон улсын дүрэм зөрчсөн гэж Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган үзэж байна.
"Иргэний агаарын тээврийн нисэх онгоцоор ямар ч тохиолдолд батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн, зэвсэг, галт хэрэгсэл тээвэрлэхийг зөвшөөрдөггүй. Тийм нисэх онгоцоор эвхдэг хутгыг ч бөөнөөр нь тээвэрлэхийг зөвшөөрдөггүй. Бидэнд зохих мэдээлэл ирсэн учир нисэх онгоцыг шалгасан. Гэтэл уг онгоцонд тийм ачаа байсныг хураасан бөгөөд одоо шалгаж байна" гэж Тайип Эрдоган хэлжээ.
Сирийн нисэх онгоцыг газардсаны дараа зорчигчдыг амрах шаардлагатай нөхцлөөр хангаж, тавьсан шаардлагыг нь биелүүлж байсан болохыг Туркийн Ерөнхий сайд батлан хэлжээ. Гэтэл Сирийн нисгэгчид ч, зорчигчид ч үүнийг нотлоогүй байна. Есөн цаг саатуулахдаа онгоцноос гарах зөвшөөрлийг маш цөөн удаа өгч байжээ. Үүний сацуу Туркийн цэргийн болон тусгай албаны төлөөлөгчид Сирийн нисэхийн компанийн төлөөлөгчдийг гавлан, газарт хэвтүүлжээ.
Туркийн Ерөнхий сайдын ярьсныг Москвагийн Внуково нисэх буудлын удирдлага няцааж байна. "Онгоцонд ачихын өмнө бүх ачааг гаалийн шалгалтаар оруулахад хориотой зүйл байгаагүй" гэж тус нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Сири улс болсон хэрэг явдлыг "агаарын дээрэм хийсний баримт нотолгоо" гэж үзэж байна.
З.Амгалан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш