logo

2011/07/11
 Монгол Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Чингис хаан” одонгийн дүрмийг баталжээ. Уг дүрэмд зааснаар ”Чингис хаан” одон бол Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон юм.
”Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлст жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнадаг. Мөн Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, иргэнийг шагнадаг байна.
 
”Чингис хаан” одонгоор нэхэн шагнахгүй бөгөөд ”Чингис хаан” одонгоор шагнуулах Монгол Улсын иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-д зааснаар, гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд санаачлан тус тус нэр дэвшүүлдэг.
 
”Чингис хаан” одонг Монгол Улсын иргэнд Yндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Гадаадын иргэнд тухайн өдрийн морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн хүндэтгэлийн өргөөнд гардуулах ёстой аж. 
Мөн уг шагналыг эх орондоо хүлээн авах гадаадын иргэнд тухайн оронд айлчлах төр, засгийн удирдлага тус тус ёслол төгөлдөр гардуулдаг байна. 
 
”Чингис хаан” одонгоор шагнагдсан хүн Yндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баяр, Yндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баяраар болдог төрийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцох эрхтэй байдаг ажээ. ”Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд тухайн үеийн  ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал буюу дурсгалын зүйл гардуулдаг байна. 
 
”Чингис хаан” одонгоор 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, 2010 онд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарыг шагнасан бол энэ удаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэхүү нэр хүндтэй шагналыг гардан аваад байна. 
 
Ш.Оч
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш