logo
Ирак Чехээс байлдааны онгоц худалдан авах уу?

Ирак Чехээс байлдааны онгоц худалдан авах уу?

2012/10/15
Пүрэв гаригт Чех болон Иракийн ерөнхий сайд нар уулзаж, байлдааны онгоц худалдах гэрээ байгуулах талаар ярилцжээ. Хэрэв хоёр улс тохиролцоонд хүрвэл Чехэд үйлдвэрлэгдсэн "L-159" загварын байлдааны онгоцуудыг Иракийн талд худалдаж магадгүй юм байна. Чехийн ерөнхий сайд Петр Нечас Иракийн засгийн газрын тэргүүн Нури Аль-Маликитай уулзсаныхаа дараа хоёр улсын батлан хамгаалахын сайд нар гэрээг нарийвчлан хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Үүнээс өмнө Чехийн батлан хамгаалахын сайд 28 онгоцыг худалдах боломжтой талаар мэдээлэл өгсөн байна. Гэхдээ Чех Ирак улсууд яг хэзээ гэрээ байгуулах нь тодорхойгүй байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр ерөнхий сайд Нури Аль-Малики гэрээг нарийвчлан боловсруулах тал дээр хийх ажлууд байгааг хэлжээ. Гэхдээ тэрээр АНУ санал тавьсан учраас аль улсаас нисэх онгоц худалдан авахаа шийдэх хэрэгтэй байгааг мөн дурдсан байна.
Аль-Малики түүнчлэн хууль бус зэвсгийн худалдааг таслан зогсоох зорилгоор Сирийн хилийн ойролцоох харуул хамгаалалтыг чангатгаад байгаагаа хэлжээ. Тэрээр "Манай улсын агаарын орон зайгаар дамжуулж Сири лүү зэвсэг тээвэрлэхийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрөгч сард Иракийн тал Хойд Солонгосын нисэх онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлээгүй нь Америкийн дэмжлэгийг хүлээсэн. Гэхдээ Америкийн албаны хүмүүс Иракийн эрх баригчдыг агаарын орон зайгаар нь дамжуулж Сири лүү зэвсэг тээвэрлэхийг Иран болон Хойд Солонгосын талд зөвшөөрч байна хэмээн буруутгажээ. Гэхдээ Иракийн ерөнхий сайд үүнийг үгүйсгэж байгаа юм.
Э.АМАР  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш