logo
МАН эвсэлд санаа тавихын учир юу вэ?

МАН эвсэлд санаа тавихын учир юу вэ?

2012/10/15
МАН, МАХН эргэн нийлэх гэж байгаа юм биш биз. Сүүлийн үед ийм яриа гарч, өвсөнд тавьсан гал шиг дүрэлзэж байна. Ингэж ярих “ухаантнуудын” үг ч олширч эхлэв. Ялангуяа МАН-аас УИХ-д өрсөлдөөд өвдөг шороодсон нөхдүүд хоёр намаа нэгтгэхийн тулд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Одоо л хийхгүй бол хэзээ хийх билээ гэх маягийн зүйлийг ч хэвлэл мэдээллээр ярих болжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдэхээс нэг их татгалзаагүй ч, УИХ-д суудал авсан зарим гишүүд нь гэдийж байгаа талаар ч мөн чих дэлсэв. Тэгэхээр нэгдэхийн тулд сонгуульд эвсэж орсон МҮАН-ынхнаас намдаа урвуулах тактикийг хэрэглэж эхэлсэн гэх. Үүний хамгийн анхны жишээ нь МҮАН-ын дэд дарга Ц.Цол­мон байсан бол Г.Уянга, С.Батцогт нарын тухайд МАХН-д элсэхгүй хэмээн гэдийсэн сурагтай.
 Тиймээс МАН, МАХН-ын нэгдэх эрч сулраад буй аж. Уг нь МҮАН-ынхан торох зүйлгүй МАХН руу элсчихвэл олонхи болж, Засгийн газраа бүрдүүлсэн АН-ынхныг бут цохичих санаа уг нь тэдэнд бий. Ингэж чадахгүй бол МАН эвсэлд хайр зарлаж, халамж тавихын учир огт үгүй. Өөрөөр хэлбэл, эвслийн Засгийн газрыг унагах үүнээс өөр арга тэдэнд байхгүй болсон ч байх талтай. Гэхдээ намын гишүүн гэдэг аль хэрэгцээт намдаа хэрэг болох үед нь худалдагддаг байдал МҮАН-ын зарим гишүүдэд таалагдахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь ч тэгээд намын гишүүн гэдэг хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид биш шүү дээ. Чухамдаа шинэчлэл хийж байна хэмээн цээжээ дэлдэж, дээгүүр харж явсан МАН-ынхан УИХ-ын 2012 оны сонгуулиар ялагдал хүлээж, цөөнх болсон нь “Жартайдаа ухаарч жаран нэгтэйдээ үхэв” гэгч болох нь уу даа. 2008 оны сонгуулийн үр дүнг гартаа авсан байсан ч ард түмэнд амласан амлалт, хэлсэн үгнээсээ буцахын төлөө зүсээ хувиргаж явсан тэд ад шоо үзээд байсан МАХН-ынханд санаа тавин, аажмаар нөмөр нөөлгийг нь ихэд санагалзаж буйгаа илэрхийлсний утга нь ердөө л энэ байж. Саахалтын дайтай айлсахаас хүртэл эрс татгалзаж, намынхаа нэрээс “Х” үсгийг хэзээ ч хэрэглэхгүй, тэр бол зөвхөн дурсамж гэж ээлж дараалан аархацгааж, торох зүйлгүй суга татан хаячихаад алга нижигнүүлэн суусан нь саяхан. 
 Нижигнэсэн халуун алга ташилтын эрч аажмаар сулрах үед МАН дээрээ удирдлагагүй, доороо хөрсгүй болсон гэдгийг нь өнгөрсөн сонгууль бататгаад өгчихлөө. Итгэмээргүй юм. Уг нь ачааны хүндийг үүрч явсан нам шүү гэж зөвхөн өөрөө өөрсдийгөө итгэтэл ярьж байсан тус намын лидерүүдэд энэхүү ялагдал том цохилт болсон. Гэвч улс орны ачааны хүндийг үүрч, улсаа улс шиг болгосон нь бидний гавьяа хэмээн ярих дуртай Ардын намынханд өнгөрсөн хугацаанд ам нь хөдөлж байсан уу, гар нь хөдөлж байсан уу чухам хэн байсан бэ гэдгийг нь ард түмэн УИХ-ын сонгуулиар торох юмгүй, бодох ч зүйлгүй дүгнэж орхисон. Ард түмний тавьсан дүн нь ч зөв байв. Чухамдаа тэд ачааны хүндийг нь үүрсэн юм уу. Эсвэл Монгол ардын үлгэрт гардаг шиг янцаглахыг нь тэд янцаглаж, ядрахыг нь ард түмэн үүрсэн юм уу гэдгийг нь сэхээрүүлсэн хэрэг. Харин одоо тэдэнд дээр нь удирдлага, доор нь тулгуур хэрэгтэй гэдгийг нэгэнт ойлгосон хэрэг. Тиймээс орон нутгийн сонгууль, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин сэргэе гэвэл МАХН-тай нэгдсэн нь үр дүнтэй хэмээн дотооддоо ярилцах болсон сурагтай. Тэр ч утгаараа орон нутгийн сонгуулийн өмнө хийж буй улс төрийн нүүдлүүд нь МАХН-ыг чиглэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ.

 Угшил удам нэгтэй болохоороо МАХН-тайгаа нэгдэхээс өөр аргагүй байдалд орсон тухай ялангуяа сонгуулиар өвдөг шороодсон нөхдүүд үүргээ ухамсарлангуй “бурах” нь ихэсчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хоёр намаа нэгтгэхэд их чухал үүрэг гүйцэтгэх ёстой нэгэн гэнэ. Харин гишүүн асан Д.Арвин МАН-ынхан дунд байж суухын аргагүй хавчигдан шахагдаж байгаа тухайгаа гомдолложээ. Уг нь Хэнтий аймгаас гурван ч удаа сонгогдож намдаа суудал авчирсны хариу ийм байх юм гэж тэрбээр бодох нь бүү хэл зүүдлээ ч явсан гэдгээ ний нуугүй ярьсан байх юм. Ерөнхийдөө түүний ярианы өнгө МАН-аас шахагдсаар байгаад булт үсэрдэг юм бол үсэрсэн цус, тасарсан мах гэгдээд буй МАХН-ынхаа гишүүнчлэлийг сэргээнэ гэдгээ ч тойруу бөгөөд тодорхой өгүүлсэн байв. Нэг үгээр хэлбэл МАН, МАХН хэмээх нэг угшилтай намууд цус ойртолтын мөхлийн ирмэг дээр иржээ. Сайн явахад нь бял­дуучилж, саар явахад нь дэвсэлдэг увайгүйчүүдийн үлгэрийг МАН-ынхан энэ удаа “хамаатнууддаа” гаргах нь. Үрэлсү биш Хүрэлсүх байх нь дээр байжээ гэдгийг МАН-ынхан “бөгсөн” дээрээ хүйтэн жин тавьсныхаа маргааш ухаарч эхэлж байна гээд хэлэхэд нэг их хатуудахгүй нь лав. Харин МАН-аас тусгаар тогтнож, бууриа сахин үлдсэн нөхдүүд УИХ-д суудал автлаа цаашид засгийн эрхийг гартаа авахын тулд нэг их дардан замаар яваагүй гэдэг нь мэдээж учир ядарсан МАН-ыг хүлээж авах хүн хэд байгаа бол гэдэг нь сонин. Намын гишүүдээ өдөрт л 200, 300-гаар нь сольж, хольж, солилцохын хажуугаар МАН-ын удирдлагууд нь ял эдэлж, “аавынд” сууж буй МАХН-ын даргыг эргэж очиж байгаа нь оргүй хоосон зүйл биш бололтой. 

 Гэхдээ МАН-ын хатавчинд нь ч суух эрхгүй болж, “Х” үсгээ гээлгүй авч үлдэнэ хэмээн бууриа сахиж үлдсэн Н.Энхбаярын намынхан тийм ч амархан МАН-ынхантай нэгдэхгүй биз. Харин МАХН МАН-ынхныг ашиг сонирхлоор нь талцуулж, хүчийг нь сааруулах тактик хэрэглэж байгаа биз. Мөн МАН-аас” Шударга ёс” эвсэлд санаа тавьж буй дүр үзүүлэн, “маск” зүүсэн улстөрчдийн жүжиг яаж ч өрнөж байсан хамгийн гол нь ард түмэн итгэлийг нь хөсөрдүүлж, нэр хаягаа сольж, эрх ашгаа бодсон намынханд, тэр тусмаа урваачдад дургүй гэдгээ илэрхийлсэн хэрэг. Тиймдээ ч энэ удаагийн УИХ-ын сонгуулиар МАН-ыг биш МАХН-ыг сонгосон гэдгийг хэн хэн нь мартах учиргүй. Харин ч орон нутгийн сонгууль ойртож буй энэ үед энэ хоёр нам эргэн нийлэх юм бол МАХН-ыг сонгосон ард түмний сонголт чухам юу болж хувирах вэ. Ард түмэн МАН-аас ялгарах зүйлтэй гэж МАХН-ыг сонгосон. Харин тэдний энэ их итгэлийг хүлээсэн тус намынхан ард түмний сонголтыг хэрхэн хүлээхийг хэн мэдлээ. Арай дахиад МАН руугаа явлаа гээд ард түмэн рүү нулимахгүй нь лав биз гэж найдахаас.


Эх сурвалж: "Монголын Мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш