Уг нь энэ жилийн наадмын хуушуурын үнийг 450 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх үүргийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас үйлчилгээ эрхлэгчдэд өгчээ. Гэсэн ч үүнийг дагаж мөрдсөн ганц ч газар байсангүй. Цэнгэлдэх хүрээлэнг тойрон асар, майханаа зоосон 500 аж ахуйн нэгжүүдийг нарийн шалгуураар шалгаруулсан гэнэ. Иргэдэд эрүүл хүнсээр үйлчлэх үүрэгтэй дээрх аж ахуйн нэгжүүд наадмын өдрүүдээд үйлчилгээ явуулан ашиг олсныхоо төлөө нэг ч төгрөгийн хураамж, төлбөр төлөхгүй юм байна.
Энэ жилийн хувьд цэнгэлдэх хүрээлэн рүү нүүгээд ирдэг “Нарантуул” захын үйл ажиллагааг хориглон зөвхөн хүнсний худалдаа гаргах шийдвэр гаргасан нь нүдээ олсон хэрэг болжээ.
Наадмын хуушуур олж идэхийн төлөө бараг л “алалцах” нь холгүй болж, нөгөө хуушуур нь 1500-2000 төгрөг болтлоо “хаданд гардаг” байдлыг дээрх шийдвэр зогсоож чаджээ. Ямартай ч наадамчин олон 500-800 төгрөгөөр хаанаас л бол хаанаас хуушуур олж идэж болж байна. Мөн үйлчилгээ, орчны хувьд өнгөрсөн жилүүдийнхээс цэвэрхэн, арай тохилог болсныг дурдахгүй өнгөрч болохгүй байх.
Г.Бүрэн
www.shuum.mn
www.shuum.mn