logo
 Г.Бямбасүрэн: Х.Тэмүүжин сайдаа бидэнтэй ирж уулзаач

Г.Бямбасүрэн: Х.Тэмүүжин сайдаа бидэнтэй ирж уулзаач

2012/10/16

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад санаархсан “сэтэртнүүд” олширчээ. Тус эмнэлгийн барилгыг албан бичгээр биш аман шийдвэрээр булаахыг завдаж буй. Үүнийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилтнууд түр хороо байгуулан тэмцлийн хэлбэрт шилжээд арав хонох гэж байна. Салбарын сайддаа барилгаа алдчих вий гэсэн айдастай эмнэлгийнхэн ард түмнээсээ тусламж гуйгаад зогсохгүй төрийн түшээдэд захидал хаяглаж хариу хүлээн шаналж сууна. Энэ талаар тус эмнэлгийн дэргэдэх Үйлдвэрчний хороон дарга Г.Бямбасүрэнтэй ярилцлаа.



-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ямар байдал үүсээд байна вэ. Сүүлийн өдрүүдэд эмнэлгийн барилгатай холбоотой асуудал сөхөгдөөд байгаа шүү дээ?

-Урьд нь манай эмнэлгийн татан буулгах асуудал сөхөгдсөн. Тэр үед эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж шилжүүлэх байсан. Гэтэл тийшээ шилжсэнээрээ цэргийн ажилтнуудыг нь аваад энгийн хүмүүс ажилгүй үлдэх болсон. Тэгэхлээр 180 гаруй хүн ажилгүй болчих гээд байсан юм.



-Энэ эмнэлэгт хичнээн эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг вэ?

-239 ажилтантай. Офицер 66, энгийн ажилтан 173 байгаа. Тэгэхлээр 80 гаруй хувь нь энгийн ажилтан гэсэн үг. Үүнээс 35 хувь нь өрх толгойлсон эхчүүд байдаг. Манай 239 ажилтнаас гадна нэг ам бүлд 5-7 хүн гэж бодлоо гэхэд цаана нь ямар байдал үүсэх вэ. Энэ олон хүмүүсийн амь, амьдрал хөндөгдөж эхэлнэ. Нэг ёсондоо бид ажилгүйчүүдийн эгнээд очих гээд байна шүү дээ. Өнөөдөр сайд маань ажилгүй болгохгүй гэж яриад байгаа боловч ажилгүй болгохгүй гэсэн баталгаа алга. Бид нар сайдтай уулзах гээд уриад байгаа. Гэтэл уулзахыг хүсэхгүй байна. Бидний ажил, үүрэгтэй танилцсан бол арай л өөр шийдвэр гарах байсан байх даа. Гэтэл манай даргыг хагас сайн өдөр гадаа талбай дээр дуудаж уулзаад аман шийдвэр өгчихөөд явсан.



-Албан бичгээр бус аман шийдвэрээр барилгыг үйл ажиллагааг өөрчилнө гэсэн хэрэг үү. Аман шийдвэрийг хэзээ өгсөн юм бэ?

-Энэ сарын 6-ны 08.00 цагт дуудаж хэлсэн. Сайд өөрөө барилгын гадна ирчихээд манай дарга, барилгын инженер, барилгын компанийн төлөөллийг дуудаж уулзаад аман шийдвэр өгчихөөд явсан. Тэр үед ажилчид ч байгаагүй. Ингээд манай ажилчид цуглаад түр хороогоо байгуулая, Үйлдвэрчний хороондоо хандая “Бид нар яагаад ингэж хэлмэгдэж байх ёстой юм бэ’’ гэсэн санаагаар хандсан.



-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь түүхэнд багагүй хувь нэмэр оруулсан томоохон эмнэлгүүдийн нэг. Гэтэл барилгын асуудлаас болж үе үеийн ахмадууд, эмч нар мөрөөдөл болсон шинэ байраа алдахад хүрлээ шүү дээ?

-Манай эмнэлгээс I,II,III эмнэлэг салбарлан гарсан байдаг. Ууган эмнэлгийн нэг шүү дээ. 1933 оноос хойш баригдсан барилга чинь мөөгөнцөрт баригдаж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Тэгээд мэргэжлийн хяналтаас дүгнэлт гарч эмнэлэг барьсан. Гурван жилийн турш эмнэлэгтэй болох гэж мөрөөдсөн. Эмч нар маань хаана л ажилла гэсэн тэр газар нь ажиллаж байсан. Ганцхан шинэ эмнэлэгтэй болно гэж мөрөөдөж байсан. Гэтэл шинэ сайд гарч ирээд ийм шийдвэр гаргачихлаа. Өнөөдөр сайд маань даргыг дуудаж үүрэгдээд байдаг хэрнээ ажилтнууд, эмч нартай уулзахгүй байгаад нь гайхаж байна.



-Эмнэлгийн байрыг өөр газарт шилжүүлэх тухай яригдаж байгаа. Хаана барих гэж?

-Цэргийн госпиталийн тэнд газар зааж өгөөд байгаа. Баянзүрх дүүрэгт чинь байдал ямар билээ. Ачаалал ихтэй. Цэргийн госпиталийн гадна ямар нөхцөл байдалтай билээ.



-Шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын үйл ажиллагааг өөрчлөх шалтгааныг юу гэж тайлбарлаж байна вэ?

-Энэ газарт эмнэлэг байснаар хөдөлгөөнд саад учруулна. А зэрэглэлийн бүсэд  эмнэлгийн аппарат суурилуулснаар тэсэрч, дэлбэрнэ гээд байгаа. Үүнийг тайлбарлахдаа Тагнуулын газраас мэдээлэл өгсөн гээд сайд худлаа яриад байгаа. Үнэхээр тэсэрч дэлбэрэх аппарат мөн үү, биш үү гэдгийг мэргэжлийн хүн тайлбарласан. Манайх эмнэлгүүдэд байгаа аппарат тэсэрч , дэлбэрээд байдаг бол “Сонгода", I, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт байдаг аппаратууд аюулгүй байж чадах уу. Энэ барилгад шүүх, прокурорынхон орсон ч хөдөлгөөн их л байна. Манайх өөрсдөө машины зогсоолоо шийдчихсэн байгаа шүү дээ.



-Эмнэлэг баригдаж буй газарт зөвшөөрөл өгсөн үе үеийн дарга нар ном журмын дагуу ажилласан байлгүй дээ?

-Барилга барих тогтоолыг өгөхөд Х.Тэмүүжин сайд өөрөө сууж байсан. Сайд болоогүй ч гэсэн төлөөлөл нь болоод сууж байсан хүн. Хэрэв үнэхээр баригдаж болохгүйг нь мэдэж байсан юм бол тухайн үед саналаа хэлж байхгүй яасан юм бэ. Тэр үед юу ч хэлээгүй байж өнөөдөр сайд болчихоод ийм шийдвэр гаргаж байгаад харамсч л байна.



-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхэн хэчнээн төгрөгийн цалингаар хангагдаж байна вэ. Ахуй амьдралд нь хүрэлцээтэй байж чаддаг болов уу?

-Маш их ачаалалтай ажилладаг хэрнээ цалин бага. Зарим хүмүүсийн цалин 300 мянга хүрдэггүй. Өөрсдийнхөө мэргэжил, мэдлэг, ажлын байрандаа дуртай болохоор л цалингаас цалингийн хооронд ажиллаж байна шүү дээ. Өнөөдөр өндөр цалинтай хүмүүс гадаадад яваад л эмчлүүлж байна. Гэтэл манай нэг сувилагч хорт хавдартай болчихоод хэвтрийн дэглэмд байгаа. Бид цалин сайтай бол гадаад явж болно шүү дээ. Гэтэл салбарын сайд маань хүмүүсийн ахуй, амьдрал ажиллах нөхцөлтэй нь ярихгүй барилгатай зууралдаад байгаад гайхаж байна.



-Шинэ барилгад орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж суурилуулсан гэсэн. Хэчнээн төгрөгийн үнэтэй аппарат вэ?

-Аппаратны үнэ өртөгийг төсвөөс гаргасан. Дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй гэсэн. Сайдын ярьж буйгаар “Энэ аппаратаа салгачих. Тэгээд дараа жил суурилуул” гээд байгаа. Залгачихсан аппаратыг салгачихаар төмрийн хогон дээр очно гэсэн үг. Х.Тэмүүжин сайдад хандаж хэлэхэд “Та бидэнтэй ирж уулзаач. Бидний санаа бодлыг сонсооч ээ. Өнөөдөр амьдрах орчин нөхцөл нийгэм чинь эрүүл орчин дээр тогтож үйл ажиллагаа явуулдаг байтал аман шийдвэр гарч манайхныг бухимдуулж байна.

Энэ шийдвэрийг сонссон ажилтнууд, ахмадууд маань хямарч байна. Ингэж хүний эрүүл мэндээр битгий тоглооч. Та цэцэг навчнаас унаад ирээгүй эхээс л төрсөн байгаа. Бидний ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гуйвуулж байгаа. Бид нарыг хамгаалах сайд маань харин эсрэгээрээ байшин яриад байх юм. Жүжигчин хүн ард түмний алга ташилтаар гайхуулж явдаг. Тэгвэл бид нар нэг хүн эдгэчихсэн инээгээд явж байвал баярлана шүү дээ.

 


-Одоогийн үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг хэдэн ортой вэ. Шинээр баригдаж буй эмнэлэгт нүүж орсоны дараа хуучин байраа яах ёстой байсан юм бэ?

-Энэ чинь жижиг эмнэлэг. Одоогийн энэ байрыг Х.Тэмүүжин сайд чинь цагдаагийн мэдэлд өгчихсөн. Манайх шинэ байрандаа орно гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан юм.



-Барилгыг оффис болгох аман шийдвэр гарснаас хойш нэлээд олон хоног өнгөрлөө. Энэ хугацаанд хаана, хаана хандаж хүсэлт гаргав?

-УИХ-ын гишүүд, Нийгмийн бодлогын байнгын хороод, Эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд гээд олон хүнд хандсан. Гол нь аман шийдвэрийн хариу болохоор яах юм бол. Монголын түүхэнд байхгүй анхны эмнэлгийг барьж байгаа шүү дээ. Манайхан хамаг мөнгөө үрээд гадаадад оношлогоонд орохын тулд явдаг. Тэр их зардлыг багасгахын тулд иж бүрэн оношлогооны төв байгуулж байгаа.

 


-Танай эмнэлгийг төрийн тусгай гээд нэрлэчихээр иргэдэд хамаагүй хязгаарлагдмал хүрээнд үйлчилдэг гэсэн ойлголт бий. Энгийн иргэдэд үйлчилдэг үү. Энэ талаар ярихгүй юу?

-Төрийн тусгай гэхээр дарга нарт үйлчилдэг эмнэлэг гэж ойлгодог. Энэ чинь биш байхгүй юу. Төрийн тусгай гэхээр хууль хүчний 58 байгууллагын ажилчид, ар гэр, үйлчилгээний ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлдэг. Мөн нийгмийн даатгалаар нь харьяалал харгалзахгүй үздэг. Хөдөө орон нутгаас ч хүмүүс ирдэг.



-Цаашдаа энэ байрны асуудал шийдэгдэхгүй сайд шийдвэртээ бат зогсоод байвал яах бодолтой байна вэ?

-Сайд 239 хүний ар амьдралыг даана гэвэл хамаа алга. Тэр газарт нь очиж ажиллахад татгалзах зүйлгүй. Гэтэл биднийг ор гээд хэлэх гэхээр эмнэлгийн байр байхгүй шүү дээ. Биднийг нэг жил хүлээ гээд байгаа юм. Яаж нэг жил хүлээх юм бэ. Бүх юм хөгжиж байхад манай эмнэлэг хумигдаж байна. Өнөөдөр манай эмнэлгийн эмч нар онцгой нөхцөлд цэргийнхээ хуулиар ажилладаг. Гэтэл манай эмнэлгийг оффис болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ.



-Эмнэлгийн барилгыг оффис болгох нь зөв юм болов уу?

-Буруу шийдвэр. Энэ олон барилга газар зөндөө байна. Манай эмнэлгийн барилгыг шүүхийн байгууллагад шилжүүлнэ гээд байгаа. Шүүх, прокурор, цагдаагийнхан бүгд барилгатай шүү дээ. Барилга нь дутсан газар байхгүй. Гэтэл эмнэлэг барьсны төлөө өөрчилнө гэдэг чинь буруу. Энэ их замын түгжрэл, ачаалал ихтэй газарт эмнэлэг байж болохгүй гэж. Хэн ч орж ирээд эмнэлгийн тусламж авч болно.



-Долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэмтэж, бэртсэн цагдаа нар танайхыг зорьж ачаалал ихтэй ажиллаж байсныг санаж байна?

-Долдугаар сарын 1-нд хохирсон цагдаа нар манайхаар үйлчлүүлж байсан. Хүний эрүүл мэнд чухал шүү дээ.



-Хууль зүйн сайдтайгаа биечлэн уулзах хүсэлт гаргасан уу?

-Манайхан 30 хүний бүрэлдэхүүнтэй сайдтай уулзахаар очсон. Залуу хүн чинь инээж баясаад угтмаар. Бүх нийтийн газарт харилцааны соёл ярьж байгаа шүү дээ. Гэтэл “Та нар сэтгүүлч дагуулж ирээгүй биз. Диктафон асаагаагүй биз” гээд хамгаалагчаараа шалгуулж байсан. Бид нээлттэй уулзах эрхтэй баймаар. Манайхан бухимдсан учраас тал талаас нь юм асууна биз дээ. Гэтэл ямар замбараагүй юм асуудгийн гээд уурлаж цухалдаад. Тэгснээ хурлын цаг болчихлоо гэсэн.



-Шинэ эмнэлэг ашиглалт орж дуусах хугацаа хэзээ байсан юм бэ?
-Наад талын барилга арванхоёрдугаар сард, цаад талынх 2013 онд байоан юм. Эмнэлгийн барилга стандартын дагуу баригдсан байгаа.

А.Лхагва
Эх сурвалж: “Нийгмийн Толь”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш