logo
 Монголын бүх музейн орлогыг нийлүүлсэн ч шинэ барилга босгож хүрэлцэхгүй

Монголын бүх музейн орлогыг нийлүүлсэн ч шинэ барилга босгож хүрэлцэхгүй

2012/10/16

“Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа музейн барилгууд стандартын шаардлага хангахгүй байна”. “Хугацаа нь дуусч, хэзээ мөдгүй нурах нь” гэх мэдээлэл хүмүүсийн сонорт хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Хамгийн сүүлд л гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын комисс 40 музейд шалгалт хийжээ. Шалгалтын үеэр музейнүүдийн 94.7 хувь нь хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийг өрөөгүй, 63.2 хувь нь музейн барилга, байгууламж дахь үзүүллэгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон байна.

Улсын музейгээс Үндэсний түүхийн музей л зориулалтын барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Байгалийн түүхийн музей сургууль, Дүрслэх урлагийнх нь дэлгүүрийн барилгад байх жишээтэй. Орон нутгийн музей­нүүд ч зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ганцхан Баян-Өлгий аймаг л зориулалтын барилгатай гэнэ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа музейн барилгуудаас хамгийн ахмад нь Чойжин ламын сүм музейн барилгууд. Эдгээр барилгыг 1908 онд барьсан бөгөөд хүний гараар бүтсэн урлагийн гайхамшигт бүтээлүүдээрээ монголчууд төдийгүй жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Гэвч тус музейд шалгалт хийсэн комиссын гишүүд “Барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Байгалийн түүхийн музей хэн нэгний бүтээж, бий болгосон эд өлгийн зүйлийг дэлгэж үзмэр болгодоггүй, байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторийн түвшинд өөрсдийн хүч хөдөлмөрөөр боловсруулж, үзмэр болгохын зэрэгцээ тэдгээрийг байгаль дахь орчинд нь ойртуулж, амьдруулж чаддагаараа монголчуудын төдийгүй олон орны жуулчид, эрдэмтэн, судлаачдын сэтгэлийг соронзон мэт татдаг. Гэтэл МХЕГ-аас уг музейн барилгад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг гурван ч удаа гаргасан байх юм.

1954 онд ашиглалтад орсон уг барилгад өнөөдрийг хүртэл нэг ч удаа дорвитой засвар хийж байсангүй. Шат, шал нь хотолзон айдас төрүүлэх Байгалийн түүхийн музейд зочилсон жуулчид барилгын хананы хагархай, дээврээс нэвтэрсэн борооны ус зэргийг гайхамшигт үзмэрүүдээс ч илүү сонирхон үздэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ.

Тус музейд хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн ангилалтай 8000 шахам үзмэр хадгалагдаж байгаа. Эдгээрийн дунд эртний үлэг гүрвэлийн араг яс, солир зэрэг үнэлж баршгүй хосгүй өвүүд ч бий. Онцгой байдлын нэгэн мэргэжилтний хэлснээр уг барилга нь гурав орчим баллын хүчтэй газар хөдлөлтийг ч тэсвэрлэх чадваргүй гэнэ.

Зуны улиралд Байгалийн түү­хийн музейгээр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг. Ингээд бодвол эднийх жилд 100-120 сая төгрөгийн орлоготой. Гэтэл Байгалийн түүхийн музейн нэг жилийн зарлага нь 400 гаруй сая төгрөг байдаг аж.

Агааржуулалтын системгүй, ху­вийн болон байгууллагын зургаан музей, Театрын музей зориулалтын телекамер бүхий дохиололгүй, аюулгүй байдлыг хангах үүднээс гал, хулгайн дохиолол нь гэрээт буюу цагдаагийн байгууллагатай холбогдоогүй, гамш­гийн үед хэрэглэх нөөц хаалгагүй, аврах төлөвлөгөөгүй гэх мэтээр музейн барилгатай холбоотой алдаа дутагдлыг нэрлээд байвал сонины хэдэн нүүр хэрэгтэй болно.

Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр л гэхэд Уран зургийн галерейгээс мод, чулуу, ясаар сийлсэн дөрвөн сийлбэр алдагдаж, 36 сийлбэр эвдэрч хэмхрэн, 10 уран зураг урагдаж, шатаж, 296 уран зураг, 250 баримал хөө тортог болж, Монголын театрын музейгээс нэртэй уран бүтээлчдийн долоон үзмэр алдагдсан. Энэ нь Монгол Улсын үүх түүхийг хадгалж, хамгаалах учиртай музей ямар ч хамгаалалтгүй, болзошгүй аюул гамшигт бэлтгэлгүй байгааг харуулсан явдал.

Мэргэжлийн хяналтынхан шалгалт явуулж, дүгнэлт гаргаж, үүрэг даалгавар өгдөг ч хэрэгжилт нь бүрэн байж чаддаггүйн нэгэн жишээ нь Байгалийн түүхийн музей. Тус музейд 2007, 2010, 2012 онд “Бүрэн шинэчлэл, засвар хийх” шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Гэх­дээ шалгалтын комиссынхны өгсөн даалгавар бүр биелдэггүй гэвэл бас л өрөөсгөл.

1939 онд баригдсан Г.К.Жуковын музейн барилгад засвар хийж, 2008 онд дахин ашиглалтад оруулсан. Мөн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга нь 1905 онд баригдсан бөгөөд хэд хэдэн удаа засвар хийсэн боловч анхны хийцийг бүрэн хадгалсаар иржээ. Хэдийгээр музейн зориулалтын барилга биш боловч хана суурийн угсралт, бэхэлгээг нь тухайн үеийн нарийн технологиор хийсэн учир өнөөг хүртэл ямар нэгэн цууралт, хазайлт үүсээгүй байна.

Гэтэл “Мэргэжлийн хяналтынхны хэлснээр бүрэн шинэчлэлт, засвар хийснээс шинэ барилга барьсан нь дээр. Гэвч шинэ барилга барихад дор хаяж 120 сая ам.доллар шаардлагатай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх музейн орлогыг нийлүүлээд ч нэг барилга барьж хүрэхгүй” хэмээн цэцэрхэх хүн ч музейн ажилтнууд дунд тааралдах аж.

Ийнхүү мөнгө ярьж, музейн барилгаа шинэчилж, засварлахыг хойшлуулсаар суутал нэг л удаагийн багахан газар хөдлөлтөөр Монгол Улсын музейн бүх сан хөмрөг нурангид дарагдчих вий дээ. Түүгээр ч зогсохгүй, музейтэй танилцаж яваа иргэд, музейн ажилчид, гадны жуулчид гээд олон хүний амь нас эрсэдвэл хэнд бурууг өгч, хариуцлага тооцох вэ.

Газар хөдлөлт, байгалийн элдэв гамшиг биднээс хол хэмээн тайвширлаа гэхэд монгол түмний дэлхий нийтэд бахархан гайхуулдаг түүх соёлын үнэт өвүүд элэгдэлд орж, хорхой шавж, бороо усанд идэгдэн, музей дотроо устчих вий.

Эх сурвалж: " Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш