logo
Оршуулгын арлын нууц

Оршуулгын арлын нууц

2012/10/16

Өмнөд Номхон дөлгөөн далайн Понафений арлын зүүн өмнөд этгээдэд Таймен гэх нэртэй нэг жижиг арал байдаг бөгөөд энэ жижиг арал маш олон тэнгисрүү түрж орсон шүрэн эрэг хөвөөтэй ажээ. Энэ ойролцоогоор 1100 метр урт, 450 метр өргөнтэй шүрэн мөргөцөг суурин дээр 4 метрийн өндөртэй 89 ширхэг байгууламж сүндэрлэн байх агаад эдгээр байгууламжуудыг асар том хүрмэн хад чулуугаар багана болгон хооронд нь өрж холбож байгуулжээ. Нутгийн хүмүүсийн дүрсэлж ярихаар бол энэ жижиг арал нь түүхэн цаг үеийн овгийн ахлагч нарын оршуулгын гол газар болохоор орон нутгийн хүмүүс "оршуулгын арал" гэх болжээ. Оршуулгын арлын өдий төдий нууцгай үзэгдлийг хүмүүс бодоод бодоод олж тайлаагүй ажээ.
Оршуулгын арлын цаг агаар тун ч жигтэй хачин байдаг гэнэ. Дөнгөж өмнө нь нарны туяа гийгүүлэн гэрэлтүүлж байснаа хормын төдийд аадар бороо асгарч, агаар тэнгэр үтэр түргэн өөрчлөгдөн хүмүүсийн арга аашийг барж байдаг гэнэ. 20 дугаар зууны 70- аад оны үед Японы далай тэнгисийн биологч эрдэмтэн Шираи Ёхе агаар тэнгэр ингэж хувирч өөрчлөгддөгийг өөрийн биеэр олж мэджээ. Тэр үед тэрээр хоёр туслахаа дагуулан оршуулгын аралд очиж үзжээ. Хүрэх замд нарны гэрэл харван гийгүүлж, номин өнгөөр туналзаж байснаас тэднийг оршуулгын аралруу яг орох болоход гэнэт хар үүл хуралдан, жихүүн салхи дэгдээд, аянга цахилгаан гялбан, аадар хур асгарч, аргагүйтсэн тэд оршуулгын арлаас холдож оджээ. Гэтэл тэднийг дөнгөж холдов уу үгүй юу тэр дороо салхи зогсож бороо арилаад, үүл сарниж нар гарчээ,

 

Нутгийн уугуул хүмүүсийн яриагаар бол эдгээр оршуулгын арлын барилга байгууламжууд хачин жигтэй хар хортой хараал жатгатай, зөвхөн овгийн ахлагч л эртний оршуулгын үүх түүх, далд нууцыг мэддэг гэнэ. Овгийн ахлагч өтөлж өвгөрвөл тэдгээр нууцын утга чанарыг амаар дамжуулан залгамжлагчдаа хэлж өгдөг, залгамжлагч нь харин гадны хүнд эдгээр нууцыг хэлж болохгүй, эс бөгөөс хараал жатга тусдаг ажээ. Япон Понафен арлыг эзлэх үед Японы нэг эрдэмтэн тухайн цагийн овгийн ахлагчийг сүрдүүлж айлгаж байгаад эртний булшны нууцыг хэлүүлжээ. Тэгээд энэ нууцыг задруулагч гэнэт аянгад цохиулан үхээд, харин тэр Японы эрдэмтэн эртний булшны нууцыг илчлэн бичиж байгаад мөн л учир битүүлгээр үхсэн байна. Дараа нь түүний үлдээсэн өв болох бичиг баримтыг эмхтгэсэн эрдэмтэн бас л гэнэт үхсэн байна.

/Булшны чулуун багануудыг хүрмэн чулуугаар босгож зүйл зүйлийн хэлбэр дүрс үүсгэсэн нь усны мандлаас 4 метр өндөр, багцаагаар 1 сая гаруй баганатай, нийлээд 89 залгаа булш бунхан болжээ./

Бас нэг эрдэмтдийн санаанд багтамгүй хэрэг учир байдаг нь оршуулгын арал дээрх байгууламж нь тэнгисийн усруу хагас түрэн орсон байх ба хүмүүс зөвхөн түрэлт эхлэх үеэр жижиг завь онгоцоор орж очиж болох ба харин таталт болох цагаар барилгын эргэн тойронд шавар шавхай гараад ойртож очих ямар ч аргагүй байдаг гэнэ. Нутгийн уугуулуудын ярихаар бол энэ нь нас барагсдын өнийн хүсэл, харийн хүмүүс түрэмгийлэн ирж амгалан тайван байдлыг нь алдуулах бий гэснээс үүдэлтэй зүйл гэнэ.
Нэгэнт 800 гаруй жилийн түүхтэй эртний булшны байгууламж нь нийт 1 сая гаруй хүрмэн чулуун ул баганатай бөгөөд эдгээр чулуун багануудыг оршуулгын арлын хойд эргээс тээж авч ирсэн ажээ. Тухайн үедээ 1000 гаруй хүдэр бадир хүн хүч барилгын ажилд оролцсон гээд тооцоход бүхий л байгууламжийг босгоход наад захдаа гэхэд 1550 жил хэрэгтэй гэсэн тооцоо гарсан болохоор эдгээр барилгыг зөвхөн хүний хүчээр байгуулсан гэхэд үнэндээ тун ч амаргүй байсан байж таарна. Тэгвэл энэхүү асар том байгууламжийг чухамдаа яаж байгуулсан байж болох билээ? Энэ бол өнөөг хүртэл оньсого хэвээр л байна.

"Дэлхийн тайлагдашгүй нууцууд" номноос.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш