Орон нутагт ялалт байгуулах нь дараагийн сонгуулийн суурь болох учраас улс төрийн нам, эвсэлүүд энэ сонгуульд маш их анхаарал хандуулж байна. МАН-ынхан нам жим байгаа нь орон нутгийн сонгуульд бэлдэж буйх гэж ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ тэд тийм ч хангалттай бэлдэж чадахгүй байгаа бололтой.
МАН парламентийн сонгуульд ялагдсан шокноосоо арай гэж гараад орон нутгийн сонгуульд бэлдэх гэж жонхуурч байх хойгуур “Хордлогод орсон хор найруулах чадвартай” байгаа Н.Энхбаяр өөртөө хэрэгтэй хүмүүсээ хулгай хийгээд эхэлжээ. МАН-ын сум, хороондоо нэр хүндтэй хүмүүсийг өөрийн намдаа элсүүлж орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж эхэлсэн байна. Тэр ч байтгуай МАХН сонгуулийн кампанит ажлыг нь санхүүлжүүлэх аж. Нэгэн цагт “Авлигын загалмайлсан эцэг” хэмээгдэж явсан ч өдгөө “Ард түмний ерөнхийлөгч” гэх марзан нэртэй болсон энэ эр хуучин намаас урваж өөр дээр ирсэн хүмүүсийг 20-30 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа гэнэ. МАН гэж дотроосоо өтсөн газар доогуураа байгаа хороо, сумандаа нэр хүндтэй гишүүдээ тоохгүй байгаа нь МАХН-д бэлэн өгөөш болж байгаа бололтой. Тухайн тойрогтоо ялалт байгуулах бүрэн боломжтой залуучуудыг өөрийн намдаа элсүүлж байгаа нь амбиц хөөж байгаа залуучуудад ч таатай санал…
МАН дээрээсээ хэн ч танихгүй нэг хүнийг нэр дэвшүүл гэж үүрэгддэг нь МАХН руу элсээд байгаа залуучуудын эгдүүг нь хүргэсэн юм билээ. Өөрийг нэр дэвшүүлэхгүй гэж боогоод байгаа намаас гаргаж аваад нэр дэвших эрхийг нь өгч, сонгуулийн зардлыг нь даая гэж байхад татгалзвал ёстой “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэх ч болно биз.
Ийм их санхүүжилт авч сонгуульд нэр дэвшиж байгаа хүн буцаагаад төлжил таарна. Ямартай ч цалин нь хүлэлцэхгүй нь тодорхой.
Ийн ирээдүйтэй залуучуудыг МАХН дэмжиж эхэлсэн нь залуу боловсон хүчнээр өөрийгөө сэлбэх гэсэн ухаан. Энэ намыг настайчуудын нам болчихоод байгааг олон хүн хэлдэг. “Энхрий хайрт МАХН” минь гэсэн хүмүүс л байдаг.
Харин АН-ын өөртөө тааруулсан хуулийг шөнө дунд хүртэл сууж байгаад баталчихсан учраас “Бод идсэн боохой” шиг их л маадгар байгаа сурагтай. Гэхдээ фракцуудыг тэмцэл нэлээд явагдаж байгаа гэсэн.
Төр төмбөгөр (tur_tombogor@yahoo.com)