logo
“Орчлон”-гийн сурагчид судлагдаагүй, шинэ нянгаас хордсон байх магадлалтай гэнэ

“Орчлон”-гийн сурагчид судлагдаагүй, шинэ нянгаас хордсон байх магадлалтай гэнэ

2012/10/16

“Үдийн цай”-наас болж хүүхдүүдийн бие муудаж, ангиараа, бүр сур­гуулиараа түргэн авахуул­сан хэрэг өнгөр­сөн оноос эхлэн дуулиан тарьсаар байна. Гэвч хол­богдох албаныхны авсан арга хэмжээ үр дүн­гээ өгөхгүй байгааг олон жишээгээр нотолж болно.
Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүр­гийн 34 дүгээр сур­гуульд хүүхдүүд будаанаас хордсон гэдэг нь тогтоогдсон билээ. Энэ мэдээлэл намжаагүй байхад “Орчлон” дунд  сургуулийн 200 гаруй хүүхэд шаард­лага хан­гаагүй хүнсний бүтээг­дэхүүн хэрэг­лэснээс болж  үдийн цайндаа хорд­сон нь нэлээд шуугиан тариад байна.


Хамгийн гол нь, хотын захын, төсөв мөнгө нь хүрэлцдэггүй сургуульд биш өндөр төлбөртэй, гял цял болсон, голдуу баян айлын хүүхдүүд суралцдаг сургуулиудад ийм эмгэнэлт хэрэг гарч байгаа нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Монголдоо хамгийн өндөр төлбөртэй “Орчлон” дунд сургуулийн бага ангийн сурагчид үдийн цайндаа хордсон тухай бид өмнөх дугаартаа мэдээлж байсан. Тус сургуулийн сурагчид хоолны хордлого тусч, эмнэлгийн тусламж авчээ. Одоогоор тус сур­гуулийн гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.
Хувийн хэвшлийн сур­гуулиудаас харьцангуй өн­дөр төлбөртэйд тооцогдох “Орчлон”-гийн сурагчдын сургуульдаа ирдэг унаа бусдынхаас өөр. Сургуулийн үүдэнд тансаг зэрэглэлийн авто машиныг эгнүүлснээс харахад л өндөр төлбөртэй сургуулийн өнгө харагдана. Энэ сургуульд бизнес, урлаг, спортын нөлөө бүхий эрхмүүд хүүхдээ сургадаг юм билээ. Тэгээд ч жилийн төлбөр нь 5-7 сая төгрөгт хүрдэг энэ сургуульд хүмүүс хүүхдээ өгөхдөө чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорьсноос хоолны хордлогод орно гэж зүүдлээ ч үгүй байх.
Хоолны хордлогын та­­лаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцааг­чаас тодруулахад “Одоогоор хоолонд хордсон гэж хэлэхэд эрт байна. Тус сургууль дээр мэргэжлийн баг томилогдон ажиллаж байгаа. Тиймээс удахгүй шинжилгээний хариу гарна. Тэр үед нь юунаас хордсон болох нь тодорхой болно” гэлээ. Тэгэхээр сурагчид чухам яг юунаас болж хордсон бэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Ямартай ч тус сургууль дээр ХӨСҮТ-ийн судалгаа тандалтын багийн эмч нар болон Мэргэжлийн хянал­тын газрынхан ажиллаж, хүүх­дүүдээс шинжилгээ авч байсан юм.
Энэ талаар тус сур­гуулийн бага ангийн боловс­рол хариуцсан захирал Б.Сурмаажаваас асуухад “Манай сургуулийн сурагчид үдийн цайндаа хордсон нь үнэн. Үүний дагуу бид яаралтай арга хэмжээ авч, ХӨСҮТ-д хандсан. Ингээд тус эмнэлгийн тандалт су­дал­гааны алба 10,11,12-ны өдөр манай сургууль дээр ажилласан.
Тэд ажиллах хугацаан­даа 345 хүүхдээс тандалт ав­сан. Мөн өвдсөн хүүхдүү­дээс авсан шинжилгээний урьдчилсан дүн гарсан. Шинжилгээний урьдчилсан дүнгээр нянгаас үүдсэн хоолны хордлого болох нь тогтоогдож байгаа.
Гэхдээ энэ нь урьдчилсан байдлаар гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс бид нийт эцэг, эхчүүд болон хүүх­дүүдээсээ уучлалт хүссэн захидал илгээсэн. Одоогоор манай сургуульд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирээд бүх сурагчаас шинжилгээ авч байгаа. Энэ хүсэлтийг сургуулийн захиргаа тавьсан. Хордсон хүүхдээс гурав нь хэвтэж эмчлүүлж байгаад өнөөдрөөс ганц нэг нь гарсан. Гэхдээ хүүхдүүдийн бие эрс сай­жирсан.
Хордсон учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай шүү дээ. Бид 34 дүгээр сургуулийн сурагчид үдийн цайндаа хордсон гэх мэдээллийг аваад өөрийн сургууль дээрээ халдваргүйжүүлэлтийг маш сайн хийсэн. Эцэг, эхчүүд гомдолтой байгааг бид хүлээн зөвшөөрнө.
Учир нь тэд бидэнтэй салшгүй холбоотой л доо. Бараа бүтээгдэхүүн ний­лүү­лэлтийн хувьд миний мэдэх асуудал биш. Гэхдээ гомдол гаргасан эцэг, эхчүүдийн буруу гэж хэлж болохгүй. Ямартай ч тодорхой шин­жилгээний хариу маргааш /өнөөдөр/ гарах тул тэр үед албан ёсны хариу өгнө дөө” гэв.
Дээрх мэдээллийг тус сургуулийн захиргааныхан үгүйсгэхгүй байгаа ч албан ёсны дүгнэлт хараахан гараагүй хэмээн хариулж байна.
Ингээд тус сургуулийн эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж дээрх хордлогын талаар тодруулахад бид нэрээ хэлэхийг хүсэх­гүй байна. Учир нь “Бид­нийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан байна гээд хүүхдүүдийг минь шоглож магадгүй. Тиймээс хордлого юунаас болж гарсан, түүний хор хохирол хэрхэн тусах тухай бид өөрсдөө асууж мэдсэнээ хэлье гэсэн юм” гэв. Тэдний ярьснаар “ Ийм өндөр төлбөртэй хэрнээ хүүхдийн хоолонд хариуцлагагүй хан­даж байгаа нь сургуулийн удирдлагуудын буруу. Тэд бага ангийн хүүхдүүд юу идэж байна гэдэгт байнга анхаарлаа хандуулж байх ёстой. Бидний хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлж байгаа. Урьдчилсан шинжилгээгээр шаардлага хангаагүй хүнс­ний бүтээгдэхүүнээс хордлого авсан гэдэг нь тогтоогдсон шүү дээ. Бид энэ хордлогын тухай албаны хүмүүсээс асуусан. Тэд хэлэхдээ “Энэ нян нь хүүхдийн биед үлдэж хор хөнөөл учруулдаг танигдаагүй шинэ нян байх магадлалтай” гэж байсан. Бид үнэхээр айж байна. Хаана ч байхгүй өндөр төлбөр авч байгаа хэрнээ хүүхдүүдийн хоолонд хайнга хандсанд туйлаас харамсаж байна.
Бид шинжилгээний эц­сийн хариу гартал хэл ам хийхгүй. Та бүхэн харсан бол хүүхдүүдийг албан хүчээр шинжилгээнд хамруулж байгаа” гэлээ.
Хэдхэн хоногийн өмнө ШӨХТГ-аас сургуулиудын хүнсний хэрэгцээнд бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудад шалгалт хий­хэд, зах зээлийн ханшаас өндөр үнээр хүнс шахдаг, чанаргүй бүтээгдэхүүн ний­лүүлдэг нь илэрсэн. Тиймээс “Үдийн цай хор болох нь” гэж хий хоосон ярьж байхаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш