logo
 АМГ-ын хуульч М.Батмагнай гурван цүнх мөнгөөр хоёр лиценз сэргээж өгчээ

АМГ-ын хуульч М.Батмагнай гурван цүнх мөнгөөр хоёр лиценз сэргээж өгчээ

2012/10/17

М.Батмагнайд холбогдох хэргийг АТГ-т шилжүүлээд байна

 Ашигт малтмалын газар гэж нэг мөнгөний уурхай байна аа. Төрийн байгууллага, агентлаг нэртэй боловч тэндхийн Геологи уул уурхай, кадастрын хэлтэс хавиар ажилд орсон хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зарж, хөлждөг нь нууц биш. АМГ-ын эрх мэдэл бүхий хэлтэст дархлагдсан ахлах мэргэжилтнүүд нь газрын даргынхаа хэмжээний ашиг орлого олдог. Иймээс ч АМГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтэст ажилд орох гэж ёстой “дайралцаан” бол­дог байгаа.

Ашигт малтмалын тус­гай зөвшөөрлийн наймаа ил ца­гаан­даа гарсан учраас Ерөн­­хийлөгч Ц.Элбэгдорж тус­­гай зөвшөөрөл олгох асууд­лыг түр зогсоосон.

Ингэлээ гээд АМГ-ынхны ашиг орлого буурсангүй. Харин ч арга нь улам нарийсч цуц­лагдсан зөвшөөрлүүдийг шүүхээр сэргээлгэх, нөөцгүй нь тогтоогдсон лицензийн бичиг баримтыг хуурам­чаар бүрдүүлэх, гадны хөрөнгө оруулагчдад зарах гэх мэтээр тун ч зүтгэлтэй  “ажил­ладаг” болжээ.

Тодруулбал, АМГ-ын Захиргаа удирдлагын хэлт­сийн Эрх зүй хуулийн тасгийн ахлах мэргэжилтнээр ажил­лаж байсан М.Батмагнайд хол­богдох ийм нэгэн хэрэг өн­г­өрсөн долоо хоногт АТГ-т иржээ. Тэрбээр дээр өгүүлсэнчлэн албан тушаалаа ашиглаж, өмнө нь цуц­лагдсан тусгай зөв­шөөр­лийг сэргээсэн хэрэгт холбогд­сон байна.

Албан тушаалаа урвуулан ашиг­лаж, эрх мэдлээ хэт­рүүлсэн М.Батмагнай АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын албаны даргын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах тухай 2006 оны 427, 1137 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, 2006 онд цуцлагдсан 2162Х дугаар­­тай хайгуулын тусгай зөв­шөөрөл, 10542А дугаар­тай ашиглалтын тус­гай зөв­шөөрлүүдийг дахин сэр­гээж, “Ордгео” ХХК-д олгоод тус компанийн захирал Б.Саранхүүтэй эвлэр­лийн гэрээ байгуулсан байна.

Хамгийн гол нь энэ асуу­дал цаанаа асар их авлига, хээл хахууль дагуулсан сурагтай. “Ордгео” ХХК-ийн захирал Б.Саран­хүү ашигт малт­малын тусгай зөвшөөрөл сэргээлгэж авахын тулд ахлах мэргэжилтэн М.Бат­маг­найд авлига өгсөн гэх асуудал яригдаж байгаа юм.

Хуулийн албаны эх сурвал­жийн мэдээлж бай­гаагаар тусгай зөвшөөр­лийн наймаачид мөнгөн дүн дээр тохирохдоо хэдэн төгрөг гэж бус хэдэн цүнх мөнгө төлөх тухай ярьдаг аж. Харин М.Батмагнай “Ордгео” ХХК-ийн тусгай зөв­шөөрлийг сэргээхийн тулд 2-3 цүнх дүүрэн мөнгө авсан гэх асуудал яригдаж байгаа юм байна.

Нэг тусгай тусгай зөв­шөөрлийн үнэ 100 сая төгрөгөөс эхэлдэг гээд бодохоор М.Батмагнайгийн гар­­гаж өгсөн хоёр тусгай зөв­шөөрөл 2-3 цүнх дүүрэн мөнгөөр үнэлэгдсэн ч   тодорхой. Тэрхүү цүнх доторх мөнгө хэдэн зуун саяар яригдах нь ч  ойл­гомжтой.  Иймээс цаг­даагийн байгууллага М.Бат­магнайг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 264 дүгээр зүйлийн, 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоогоор энэ хэргийг АТГ-т шалгаж байна.

М.Батмагнай АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат нар “ангижав”

Тусгай зөвшөөрөл сэргээх асуудлыг Нийслэлийн захир­гааны хэргийн шүүх шийд­вэрлэдэг.

Албаны хүмүүсийн мэдээлс­нээр Захиргааны хэр­гийн шүүх 2012 онд гэхэд л АМГ-тай холбоотой тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай 100 орчим хэргийг шийдвэрлэжээ. Хачирхалтай нь шүүхийн шийдвэрийн дийлэнх нь АМГ-ын тусгай зөв­шөөрөл цуцлах тухай өмнөх шийдвэрүүдийг хүчин­гүй болгосон байх юм. Нэг ёсондоо АМГ-ынхан Захир­гааны хэргийн шүүхэд ирсэн гом­дол бүрт ялагддаг аж.

Уг нь ийм гомдол шүүхэд ирсэн тохиолдол бүрт АМГ-аас заавал нэг хүн төлөөлж оролцдог. Гэвч АМГ-ын төлөө­лөгч нь Нийслэлийн захир­гааны хэргийн шүүхийн шүүгчтэй хамтран төрийн байгууллагыг ялаг­далд оруулж, аж ахуйн нэгжийн талд шийдвэр гаргадаг гэх шум амнаас ам дамжин яригдаж байна. Иймээс ч гомдлыг хүлээж авсан шүүгчийн нэр тодорсны дараа АМГ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр тодордог гэнэ.

Тухайлбал, М.Бат­маг­найд холбогдох хэрэг нь дээрх санаа­тай ялагдлуудын нэг жишээ юм. М.Батмагнайгийн хувьд “Ордгео” ХХК-ийн шүүхэд гомдол гаргасан асуудлын дагуу АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болж шүүх хүралд оролцсон байна. Харин шүүгчээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн оржээ.

Хамгийн сонирхолтой нь М.Батмагнай, Э.Лхагвасүрэн нар нэг сургуульд хамт сурч байсан дотны найзууд гэсэн. Энэ нь тэдний хоорондын ашиг сонирхлыг илэрхийлээд өгч байгаа юм. Ингэхээр АМГ-ын итгэмжлэгдсэн төлөө­лөгч М.Батмагнай, шүүгч Э.Лхагвасүрэн нар үгсэн тохирч, 2162Х, 10542А дугаар­тай зөвшөөрлүүдийг сэргээж, “Ордгео” ХХК-д өгсөн юм шиг дүр зураг хараг­даж байна.

Одоогоор М.Батмагнай ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа халагд­чихаад байгаа аж. Хэдийгээр М.Батмагнайд холбогдох хэрэг АТГ-т шилжсэн ч хэрхэн шийдэгдэх нь мөн л тодорхойгүй байна. Учир нь М.Батмагнай АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатын хамт МУИС-ийн хуулийн ангийг төгсчээ.

Нэг ёсондоо шүүгч найз­тайгаа хуйвалдаж үйлд­сэн М.Батмагнайгийн хэрэг их сур­гуулийн найзад нь шил­жээд байна. Тэгэхээр М.Бат­магнай ашигт малтмалын тусгай зөв­шөөрлийн хэргээр буруут­гагдана гэхэд бас л эргэл­зээтэй.   

М.Батмагнай МУИС-ийг төгссөнийхөө дараа Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаад Иргэний бүртгэлийн төвөөс ёс зүйн алдаа гарган халагдсан аж. Улмаар АМГ-т ирээд мөн л ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдчихаад байгаа юм. Энэ нь түүний хийдгээ хийчихээд хариуцлагаас мултрах гэсэн нэг заль ч байж болох юм.

Түүнд 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ

М.Батмагнайгийн тус­гай зөвшөөрөл зарсан, авлига хээл хахуулийн хэрэгт хол­богд­­сон гэх асуудал ганцаар тог­тохгүй. Тухайлбал, өнгөр­сөн оны зургаадугаар сард Нийс­­лэлийн захиргааны хэр­гийн шүүхэд манай уул уурхайн томоохон ком­панийн нэхэмжлэлтэй нэгэн хэрэг иржээ.

11016Х дугаартай хай­гуулын зөвшөөрлийг сэр­гээх тухай энэ хэргийг шүүг­чид компанийн талд шийд­сэн байна. Гэвч энэ асуу­дал эцэстээ нэхэмжлэл гар­­гасан компанийн бичиг баримтыг Б.Баатар гэгч эт­гээд хуурамчаар бүрдүүлж, шүүхэд гомдол гаргасан болж таарчээ.

11016Х дугаартай хай­гуулын зөвшөөрөл эзэм­шиж байсан компани тус бүсэд хайгуулын ажлаа хийж үзээд “нөөцгүй” гэсэн үндэслэлээр хаясан байж. Гэтэл иргэн Б.Баатар гэгч тус компанийн нэрийг ашиглан хүчингүй болго­сон тусгай зөвшөөрлийг сэргээн залилан хийхийг завдсан байжээ. Залилангийн шинжтэй энэ хэргийг шүүх шийдэх үед АМГ-ыг төлөөлж өнөөх М.Батмагнай оролцсон байдаг нь ихээхэн анхаарал татдаг юм. Улмаар хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ч төдөлгүй сураг алдарчээ.

Хэрэв хэрэг илрээгүй байсан бол компанийн нэр барьж, хуурамч баримт бүр­дүүлсэн Б.Баатар гэгч “нөөцгүй” тусгай зөв­шөөр­лийг сэргээж, бусдад зарах байсан нь тодорхой. Хэдийгээр энд Б.Баатар гэдэг хүний нэр яригдаж байгаа ч жирийн иргэн залилан хийсэн юм уу, АМГ-ынхан өөрсдөө залилан хийх гэж байсан юм уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Энэ хэрэгт яагаад заавал М.Батмагнай гэгч АМГ-ыг төлөөлсөн юм бол гэсэн бодол ч төрдөг юм. Тохиолдол байсан уу, санаатай үйлдэл үү. АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захир­гааны хэргийн шүүгч­тэйгээ үгсэн тохирдог байж болзошгүй гэж бодохоор М.Батмагнайгийн хийсэн хэрэг ч байж мэднэ.

Гэхдээ бид үүнийг батлах албагүй, хардах эрхтэй гэдгийг онцлох хэрэгтэй байх. Үнэндээ ийм аргаар хэчнээн тусгай зөвшөөрөл сэргээснийг одоогоор хэлж мэдэхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа ийм л ноцтой, далд хэлбэрт шилжээд байна.

М.Батмагнайд 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэхээр тэрбээр удаа дараа ийм хэрэгт холбогдсон байх магадлалтай. Учир нь Эрүүгийн хуулийн 264.2-т “Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэг­лэхээр заналхийлж үйлд­сэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хуга­цаагаар хасч, хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж.

Ямартай ч ашигт малт­малын тусгай зөв­шөөрлийн най­маанд гарш­сан гэх М.Бат­­магнайд холбогдох хэ­рэг АТГ-т шилжээд 10-аад хонож байна.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш