Дуу хуурын өлгий Дундговь аймгийн газар нутгийн тэн хагасыг гадаад, дотоодын компаниуд лиценз нэрийдлээр өмчлөн авч, энд тэндгүй төнхөж эхэлжээ. Тэд Төв, Өвөрхангай аймгийнхан шиг уул уурхайн компаниудаа хяналтаасаа алдах уу, үгүй юу гэдэг салаа замын уулзварт ирчихээд байгаа юм.
Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар, 2008 онд тус аймгийн 15 сумын нутагт ашигт малтмалын хайгуулын 275, ашиглалтын 38 тусгай зөвшөөрлийг 3565.1 мянган га талбайд олгосон нь нутаг дэвсгэрийнх нь 47.7 хувийг эзэлж байгаа юм байна. Тэр үед Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт сумдын бэлчээрийн талбайн 50-60 хувь нь тусгай зөвшөөрлөөр бүрхэгдээд байжээ.
Салбарын яамнаас тусгай зөвшөөрлийг нь цөөлснөөр дээрх тоо энэ жил 210 болтлоо цөөрсөн байна. Гэтэл 210 лицензийн 30 хувийг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд дангаараа эзэмшдэг юм байна. Тунаж үлдсэн Хятадын компаниуд алтыг нь авч авдрыг нь хаяна гэгчээр ёстой л хоноцын сэтгэлээр хандаж байгаад нутгийн иргэд эгдүүцэж байна.
ёөөрөө улсдаа дээгүүрт ордог. Одоохондоо Дорнодын Мардайн дуулианд дарагдчихаад нэг их ярихгүй байгаа. 1990 оны эхээр байгуулагдсан Канад, Орос, Монголын хамтарсан “Гурван сайхан" компани 20-25 мянган тонн ураны нөөц илрүүлжээ. Үүгээрээ Монголд Мардайн бүлэг ордын дараа орох хоёр дахь том ураны орд газар юм.
Дундговийн Оюутолгой энэ байж мэднэ шүү гэж дарга нар хэлж байсан. Энэ нь ч гаднынхны шуналыг хөдөлгөөд эхэлжээ. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хэвээр авч үлдэхийг хүссэн нутгийн иргэдийн сэтгэлийг энэ нь хэзээнээс зовоож эхэлсэн гэдэг. Ердөө хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн Өндөршил сумын 400 малчны гарын үсэгтэй захидал Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлжээ.
Тэд Баянжаргалан сумын нутагт МҮ-017028 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Тайшен девелопмент” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж энэхүү захиаг ирүүлсэн байна. “Тайшен девелопмент” компани Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Эрээний төмрийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг аж. Дээрх захианаас үзвэл, хятад захирал Монголын 18 том ордын нэг буюу Эрээний төмрийн уурхайг авчихаад тэр нутгийг шороон там болгосоор л байгаа ажээ.
“Бид 2008 оноос Жан Су захирлын эсрэг тэмцэж эхэлсэн ч аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нь хятадуудыг хаацайлж, малчдыг ойшоолгүй өдийг хүрсэн. Нутгийн иргэд хятадуудад дургүйдээ биш говийн ганц амьдрал болсон усыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэж байгаад нь буруу өгч тэмцэж байгаа. Ингэх болсон шалтгаан нь Усны газраас зөвшөөрөл авч ус хайхаар очсон компани нь “шал өөр ажил” хийгээд байгаад зэвүүцсэнийх’’ гэж тэд тайлбарлалаа.
“Тайшен девелопмент” компани ордыг ашиглаж эхлээд удалгүй хүдэр олборлож баяжуулах хуурай аргын технологио өөрчилж, нойтон баяжуулах технологиор үйлдвэрлэл явуулахаар ТЭЗҮ-ээ шинээр боловсруулжээ. Ингээд үйлдвэрийн Усан хангамжид зориулсан “Газрын доорхи усны эрэл хайгуулын гидрогеологийн судалгааны ажил”-ын даалгавараа Усны газрын дарга Ц.Бадрахаар батлуулсан байна.
Үүнд нь 2007 онд Өндөршил сумын Засаг даргын оролцоо ч байсан гэх. Ц.Бадрах дарга гидрогеологийн судалгааны ажлыг үргэлжлүүлэх нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг үндэслэн энэ онд багтаан усны эрэл хайгуулын ажлыг үргэжлүүлэн хийх техникийн даалгаврын хугацааг 2012 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл сунгажээ.
Нэгэнт “хуулийн дагуу” зөвшөөрлөө авчихсан учраас “Тайшен девелопмент” компани нь төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн хэрэгцээндээ зориулж усны эх үүсвэрийн хайгуул хийж эхэлжээ. Гэхдээ тэд зөвшөөрөл авсан газартаа усаа хайсангүй. Зөвшөөрөл авсан газраасаа олон км хол ураны нөөцтэй газруудыг өрөмдөж эхлэжээ.
Хятадууд ураны орд дагуулж хэдэн сарын өмнөөс маш эрчимтэй өрөмдлөг хийж олон ч цооног гаргасан гэнэ. Усны хайгуулын өрөмдлөгөөр гаргаж ирсэн ус нь ураны өндөр агууламжтай байгааг мэргэжлийн байгууллага тогтоожээ. Тус талбай нь “Говь гурвансайхан” компанийн 1021 дугаартай ураны хайгуулын зевшөөрөлтэй талбай юм байна.
Гэтэл хууль бусаар өрөмдлөг хийж байгааг нь “Говь гурвансайхан” компанийнхан мэдсэн ч мэдээгүй царайлж, өөгшүүлжээ. Орон нутгийн захиргааныхан нь энэ байдлыг ойшоогоогүй байна. Өрөмдлөг үргэлжилсээр ураны цацрагаар бохирдсон ус гүний усанд нэвчиж эхэлжээ. Нутгийнхны уудаг ус цацрагаар бохирдож байгааг мэдсэн ардууд ийнхүү тэмцээд эхэлсэн аж.
Азаар Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд "Тайшен девелопмент” компанийн “ус хайх” тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон гэх сураг дуулдлаа. Цаашлаад Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Мөнхбадрахад орон нутгийн хууль хяналтынхантай хамтарч нарийвчилсан дүгнэлт гаргаж өгөхийг даалгажээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл ахуй, хүнсний экологийн төвийн захирал Н.Сайжаагаас урантай ус хүний биед ямар нөлөө үзүүлдгийг асуулаа. Тэрээр “Уран бол цацраг идэвхт бодис. Хүний биед орвол бүх эсийг ионжуулдаг. Нэмэхийг нь хасах болгоод, хасахыг нь Hэмэx болгодогч юм уу. Эрхтэн, эд, эс замбараагүй болоод эрхтэн, эдийн, эсийн тогтолцооны систем алдагдаж цацраг идэвхт туяанаас нөлөөлсөн өвчтэй болно.
Цусны цагаан, улаан цогцос гэмтдэг. Цусны хорт хавдар үүсэх зэрэг аюултай. Нийгмийн эрүүл мэндийг төр, засаг бодлогоороо авч явах ёстой. Үүнийг л засаг төрд сайн таниулж чадахгүй байна. Нэг жишээ хэлэхэд, Налайхын цаана Элстэйд Улаанбаатарын ундны усны эх үүсвэр байдаг. Түүний цаахна Ар, Өвөр Жанчивлан хоёрын дунд ураны их агуулгатай орд бий.
Тэр ураныг олборлохоор зарим компани ажиллаж байна. Ураныг хүхрийн хүчилд уусгаж, ялгаж аваад буцаагаад хүхрийн хүчлээ газарт булна. Тэр нь усны судлаар дамжаад Элстэйд хүрээд ирэх юм бол бид цоргоноосоо урантай ус ууж эхэлнэ” гэсэн юм.
Г.Улсболд
Эх сурвалж: “Үндэсний Шуудан”