Нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Жорж Сорос дэлхийн улстөр, эдийн засагт болж буй асуудлаар хачирхалтай мэдэгдэл хийдгээрээ алдартай. Тэрбээр саяхан олны гайхширлыг төрүүлсэн ээлжит мэдэгдлээ хийжээ.
Түүний үзсэнээр Европын өрийн хямрал нь Евро бүсийг төдийгүй Европын холбоог тэр чигт нь хамрах аюултай гэнэ. Гэхдээ үүнээс гарах цорын ганц найдвартай арга нь Герман улс Евро бүсээс гарах гэж тэрбээр тэмдэглэжээ.
Жорж Сорос “Европын нэгдсэн валют л Европын холбоог үгүй хийж байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэх боломж бий. Энэ бол Герман улс Евро бүсээс гарах явдал юм. Тус улс өртэй орнууд, холбооныхоо ашиг сонирхлын төлөө ийм үйлдэл хийх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний энэ таамаглалаас үзэхэд Герман улс евро бүсээс гарчихвал Европын нэгдсэн валютын ханш огцом унана. Үүнийг дагаад асуудалтай орнуудын облигацийн үнэ унаж, өр нь үнэгүйднэ гэсэн үг. Ингэснээр евро бондыг гаргах, хэрэгжүүлэх замаар энэ өрийг зохицуулах боломжтой гэнэ.
Гэхдээ Соросын энэ санал дэмжигдэх магадлал тун бага. Зарчмын хувьд энэ нь дэлхийн валютын нөөцөөр хоёрдугаарт ордог еврогоос сайн дураараа татгалзана гэсэн үг билээ. Европын улс орнуудын удирдлагууд ийм алхам хийхгүй. Тэд байдал хүндэрвэл Грек, Португаль зэрэг асуудалтай орнуудыг евро бүсээс гаргах арга хэмжээ л авна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"