logo
Мексикийн баруун нутагт гайхамшигтай олдвор илэрчээ

Мексикийн баруун нутагт гайхамшигтай олдвор илэрчээ

2012/10/18
Мексикийн Наярат мужийн археологичид нэгэн ер бусын олдвор илрүүлжээ. Тэд мянга орчим жилийн настай 12 ширхэг булш илрүүлсэн байна. Гэхдээ эртний булшийн гайхамшигт чанар нь удаан хугацаанд хадгалагдсанд нь бус харин одоогийн Мексикийн нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний хүмүүс шарилын бунхныг барихад ашиглаж байсан материал нь сонирхол татаж байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ.

Бунхны хана, шалыг нь асар том хүрмэн чулууг ашиглан өрсөн байна. Мексикийн баруун нутгаас ийм материалаар барьсан бунхан өнөөг хүртэл олдож байгаагүй гэж Түүх, хүн судлалын үндэсний хүрээлэнгийн ажилтнууд мэдээлсэн байна. Судлаачид өмнө нь шавар бунхан эсвэл агуйд чандарласан шарил олж байжээ.

Сая олдсон бунхан бүрийг 8 ширхэг хүрмэн чулуугаар барьсан бөгөөд маш өндөр температурт тэсч үлдсэн гэж судлаачид үзэж байна. 20-оос 30 см-ын хэмжээтэй чулуугаар хийсэн нэгэн бунхнаас гурван эмэгтэй хүний шарил олджээ.

Ер бусын бунхнууд Хала хотыг Халиско мужийн Пуэрто-Вальярта хоттой холбосон хурдны замыг барьж буй газраас олдсон байна. Оршуулгын газар далайн түвшнээс 2200 метрийн өндөрт өргөгдсөн Себоруко галт уулын бэлд орших ажээ. Энэ галт уулын хүчтэй дэлбэрэлт хамгийн сүүлд 1000 онд болох үед галт уулын лав ихэнх нутгийг бүрхжээ. Эрдэмтэд бунхнаас олдсон шарилд "маш өндөр температур нөлөөлснийг" үүнтэй холбон тайлбарлалаа.

Тэдгээр шарил нь науа үндэстний нэгэн омгийнхных байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.

Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш