logo
Цахим үнэмлэхийг тараах ажил 85 хувьтай явагдаж байна

Цахим үнэмлэхийг тараах ажил 85 хувьтай явагдаж байна

2012/10/22
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын бүртгэлийн Ерөнхий газраар орж, цахим үнэмлэхтэй холбоотой асуудлаар тодруулга хийлээ. Орон нутгийн сонгууль дөхөж байна. Сонгогчид саналаа өгөхдөө цахим үнэмлэхээ авч ирэх шаардлагатай. Харин өнөөдрийн байдлаар сонгуулийн насны нийт иргэдийн 97 хувь буюу 1 сая 996 мянга орчим иргэдийн цахим үнэмлэх хэвлэгдээд байгаагийн 85 хувь нь тараагдсан. Сонгуулийн өмнө цахим үнэмлэх тараах ажлыг бүрэн дуусгана хэмээн УБЕГ-ын Бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа. Улсын хэмжээнд Ховд, Өмнөговь аймгууд болон Налайх, Баянгол дүүргийн сонгуулийн насны иргэдийн 90-ээс дээш хувь нь цахим үнэмлэхээ аваад байгаа бол Өвөрхангай, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн Багануур дүүрэгт цахим үнэмлэх тараах ажил хангалтгүй байна. 
Иргэдийн зүгээс цахим үнэмлэхэн дээрх өөрийн зургандаа сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлж, солиулах боломж байгаа эсэхийг Ерөнхий сайдаас тодруулжээ. Харин бүртгэлийн байгууллагын зүгээс сум, дүүргийн иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэндээ хандаад, шинээр зураг авахуулах боломж байгааг хэлсэн.
Мөн цахим үнэмлэх олгохдоо зарим дүүрэг хуучин иргэний үнэмлэхийг хураан авч байгаа бол зарим газарт баруун дээд буланг хайчилж, иргэдэд буцаан өгч байгаа юм. УБЕГ-ын даргын 560 дугаар тушаалаар цахим үнэмлэх олгохдоо хуучин иргэний үнэмлэхний баруун дээд буланг хайчилж, хүчингүй болгон бүртгэлийн байгууллага хураан авах шийдвэр гаргасан ч нийт цахим үнэмлэх авсан иргэдийн 50 орчим хувь нь үнэмлэхээ өөртөө үлдээх хүсэлтэй байгаа тул УБЕГ-ын дарга 848 дугаар тогтоол гарган, тухайн иргэнд хуучин иргэний үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Иргэдийн зүгээс шилжилт хөдөлгөөн хийж, оршин суугаа газраа солих бүрт цахим үнэмлэх шинээр авна гэсэн ойлголт байгаа. Харин 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс хойш хаягийн хөдөлгөөн хийвэл цахим үнэмлэх дэх чипт хаягийн өөрчлөлтийг бичих бэлтгэл ажлыг тус газраас эхлүүлжээ.
Хуучин иргэний үнэмлэхийг иргэд хаяж, үрэгдүүлдэг. Мөн барьцаанд тавьдаг зэрэг зөрчил дутагдал нийтлэг байсан. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа. Мөн цахим үнэмлэхний тараалт хангалтгүй байгаа аймаг, дүүргүүдэд онцгой анхаарч, үнэмлэх тараах ажлыг эрчимжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш