logo
Умард Солонгосын арми өмнөд хөршөө

Умард Солонгосын арми өмнөд хөршөө "сүрдүүлэв"

2012/10/22
Өнгөрөгч баасан гаригт Хойд Солонгосын арми Өмнөд хөршийнхөө хил рүү гал нээнэ хэмээн анхааруулжээ. Учир нь Пхеньяныг эсэргүүцэгч идэвхтнүүд ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын хил орчмоос ухуулах хуудсаар дүүргэсэн агаарын бөмбөлгүүдийг хойд хөршрүүгээ хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Хойд Солонгосоос дүрвэн ирсэн иргэд болон Өмнөд Солонгосын идэвхтнүүд Умардын эрх баригчдыг шүүмжилсэн утга агуулгатай ухуулах хуудсаар дүүргэсэн агаарын бөмбөлгүүдийг хойд хөрш рүүгээ үе үе хөөргөдөг билээ.
Өмнөд Солонгосын албаны хүмүүс Умардын тал халдлага үйлдвэл тэр даруй хариуг нь барина гэж мэдэгдсэн байна. Хойд Солонгосын тал өмнө нь энэ удаагийнхтай адил сүрдүүлсэн утгатай мэдэгдэл гаргаж байсан удаатай.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак 2010 онд Умард Солонгосын армийн халдлагад өртөж байсан аралд гэнэтийн айлчлал хийх үеэрээ Пхеньяны болзошгүй өдөөн хатгалгын эсрэг анхааруулсан утгатай мэдэгдэл хийжээ.
Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ким Кван-жин парламентын хуралдааны үеэр Умардын тал гал нээвэл тэр даруй хариуг нь барина гэж мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын асуудал хариуцсан Америкийн төлөөлөгч Глин Дэвис Сөүлд хүрэлцэн ирж, Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт Өмнөд Солонгосыг төлөөлөгч Лим Сун-намтай уулзжээ. Дэвис сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Умардын анхааруулга заналхийллийн талаар ямар нэг үг хэлээгүй байна. Гэхдээ тэрээр Пхеньяны эрх баригчдад хандан АНУ, Өмнөд Солонгос, Орос, Хятад болон Япон улсуудтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрэх үеэрээ өгсөн амлалтуудаа биелүүлэхийг уриалжээ.
2010 онд Хойд Солонгосын тал Өмнөдийн Ёньпёнь арал руу артиллерийн зэвсгээр гал нээх үеэр дөрвөн хүн амь үрэгдсэн. Үүнээс хойш хоёр Солонгосын харилцаа улам таарамжгүй БОЛСОН билээ. Сөүл Пхеньяныг байлдааны хөлөг онгоц руу нь гал нээж живүүлсэн гэж буруутгадаг. Гэвч Хойд Солонгосын тал үүнийг үгүйсгэдэг аж.
1950-аас 1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайн гал зогсоох гэрээгээр өндөрлөсөн бөгөөд хоёр Солонгос энхийн гэрээ байгуулаагүй түүхтэй. Тиймээс хоёр улс одоог хүртэл дайны байдалд байдаг гэж үздэг юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш