logo
Муаммар Каддафи ард түмнийхээ гарт амь үрэгдсэнээс хойш нэг жил өнгөрчээ

Муаммар Каддафи ард түмнийхээ гарт амь үрэгдсэнээс хойш нэг жил өнгөрчээ

2012/10/22
Газрын тосны баялаг нөөцтэй Ливи улсыг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафи амь үрэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байна. Тэрээр 1969 онд цэргийн эргэлт хийн хаан Идрисийг түлхэн унагааж, төрийн эрхийг авч байжээ.
Ард иргэд нь өөрийнх нь эсрэг зэвсэг барин тэмцэх үеэр тэдний гарт амь үрэгдэнэ чинээ зүүдлээ ч үгүй явсанКаддафи өөрийн төрөлх хот болох Сиртдээ амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрөөсөн юм. НАТО-гоор дэмжүүлсэн босогчид нийслэл Триполи хотыг 2011 оны наймдугаар сард эзэлснээс хойш Каддафи болон түүний дэмжигчид Сирт рүү дүрвэсэн. Босогчид болон Каддафид үнэнч цэргүүд Сирт хотын төлөө удаан хугацаанд ширүүн тулалдсан билээ.
2011 оны 10-р сарын 20-нд босогчид Ливийг 42 жил удирдсан Каддафиг чухам хэрхэн барьсан нь тийм ч тодорхой биш байдаг. Олон эх сурвалжийн мэдээлж байснаар Каддафи болон түүнд үнэнч цэргүүдийн суусан машины цуваа Сирт хотоос гарч явах үед Францын байлдааны онгоц агаараас цохилт өгч, цувааг зогсоожээ. Үүнээс хэдэн цагийн дараа Үндэсний Шилжилтийн Зөвлөлийн дайчид Каддафиг замын ус зайлуулах хоолойнд нуугдаж байхад нь олсон байна.
НАТО болон Францын албаны хүмүүс байлдааны онгоцууд Сирт хотын ойролцоо явж байсан машины цуваа руу гал нээснийг баталсан ч уг цуваанд Каддафи явж байсан талаар мэдээлэл өгөөгүй юм.
Ливийг бараг насаараа удирдсан өвгөн хурандаа өөрийг нь барьж зэрлэгээр зодож байсан хүмүүсээс өршөөл эрж байгаа нь хувь хүний хийсэн бичлэгт үлдсэн.Босогчдын нэг нь Каддафигийн хонго руу хутга шааж, түүнийг ихээр өвтгөхийн тулд хутгаа сугалалгүйгээр эргүүлж байгааг уг бичлэгээс харж болохоор байдаг. Энэхүү бичлэгийг босогчдын эгнээнд тулалдаж байсан хүмүүсийн нэг хийсэн бөгөөд тэрээр бичлэгээ Ливийн иргэний дайныг сурвалжилж байсан Ройтерс агентлагийн сэтгүүлчид өгчээ.
Үүний дараа чухам юу болсон нь тодорхойгүй өнгөрсөн юм. Хэдэн цагийн дараа Каддафи толгойдоо сумны шархтай, амьсгал хураасан байдалтай олдсон. Түүнийг буудалцааны үеэр амиа алдсан тухай мэдээлэл ч гарч байсан билээ. Гэхдээ босогчид түүнийг зэрлэгээр хөнөөсөн байх магадлал хамгийн өндөр гэж үздэг. Ийнхүү Каддафи амь үрэгдсэнээр Ливид найман сар үргэлжилсэн иргэний дайн өндөрлөж, Ливичүүдийн хувьд шинэ цаг үе ирсэн юм.
Ливид ардчилсан сонгууль явагдаж, ард иргэдийн төлөөлөл төрийн эрхэнд гарсан. Гэхдээ эрх баригчдын өмнө эх орондоо аюулгүй байдлыг сахиулахаас эхлээд шийдэх ёстой асуудлууд олон байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш