logo
Эвсэл угшлаа даган хуваагдлаа

Эвсэл угшлаа даган хуваагдлаа

2012/10/22
"Шударга ёс" эвслийнхний байр суурь хуваагджээ. Учир нь МАХН-ын гишүүд МАН-ын жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол МҮАН-ынхан эсрэг байр суурьтай байгаа гэнэ. Үнэндээ ч эвслийнхний дунд ан цав үүсч, байр суурь зөрөлдөх болоод удаж буй. Өнгөн дээрээ хагаралдах зүйл байхгүй хэмээн тодотгох ч санал нийлэх тохиолдол ховор болсон гэдэг.

 Үүний илрэл нь Н.Энхбаяр хуулийн байгууллагаас ял сонсох үед гаргасан эвслийнхний мэдэгдлээс тодорхой харагддаг. МҮАН Засгаас гарахгүй гэдгээ шууд илэрхийлсэн бол МАХН АН-д сануулга өгч, улс төрийн хэлмэгдүүлэлт байж болзошгүйг тодотгосон байдаг. Харин тэд өнөөдөр мөн л үзэл бодол зөрөлдпөө. Сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох ёстой болохоос архи, мөнгө тарааж хууль зөрчсөн нэр дэвшигчид тангараг өргөх гээд зогсож байж болохгүй хэмээн УИХ дахь МАХН-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн гэнэ.

 Тухайлбал, Сангийн сайд Ч.Улаан “СЕХ хурдан хуумгай юм их хийдэг. Энэ удаа ч тэгж байна” хэмээжээ. Мөн гишүүн С.Баасанхүү шүүхийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, Н.Энхбаярыг ч шүүх хэлмэгдүүлсэн болохыг тодотгосон байна. МАН-тай МАХН, ИЗНН, бие даагчдын зөвлөлийн санал бодлоо нэгтгэж, байр сууриа илэрхийлэх болсон нь АН-д дангаараа Засгийн эрхийг атгах боломж олгохгүй гэсэн үг юм.

Өөрөөр нь өргөдлийг нь өгүүлдэг монгол маягийн шахалтаа ашиглан байж АН 39 суудлын төлөө улайрч байна хэмээн дээрх улс төрийн намууд болон ажиглагчид дүгнэж буй. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайн тойргийн маргаан төдий мэт боловч олон, олонх болох том агуулга агуулагдаж буй юм. Хэрэв АН УИХ-д 39 суудалтай болбол олон биш олонх болж, дангаараа Засгаа бүрдүүлэх эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Тэр үед АН энэ сонгуулиар ялалт байгуулсан болохоо албан ёсоор зарлах ч эрхтэй. Нөгөөтэйгүүр, албан тушаалаа ч хэн нэгэнтэй хуваалцах шаардлагагүй болно. Товчхондоо, эрээвэр, хураавар Засгийн газар хураагдаж, эвслийнхэн болон ИЗНН-ынхан шахагдана. Иймээс л дээрх улс төрийн хүчин МАН-тай саналаа нэгтгэж, байр сууриа илэрхийлсэн хэрэг.

Түүнчлэн Орон нутгийн сонгуулиар МАХН зарим газар МАН-тай хамтран оролцохоор шийдвэрлээд буй. Харин МҮАН АН- тай. МАХН Орон нутгийн сонгуулиар МҮАН-тай хамтрахгүй, зарим газарт дангаараа оролцоно гэсэн ч эвслийнхний таагүй уур амьсгалтай холбоотой. Ийнхүү эвсэл бутарч, төрхөмдөө буцацгаах их зам нээгдсэн бололтой. МАХН, МАН-ын нэгдлийн асуудал сүүлийн үед хуурай өвсөнд ноцсон түймэр шиг газар авах болсон.

Дээрээ л тохиролцчихвол доороо асуудалгүй гэх үгийг ч олон хүн унагадаг. Зарим нэг нь бүр хоёр намын эв найрамдлын гүүр болохоо ч илэрхийлээд байгаа. Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нарын хэлцэл ч нааштай болсон гэдэг. Ямартай ч угшлаа даган МАХН, МАН нэгдэж мэдэх нь. Харин АН Засгийн эрхээ хадгалж үлдэхийн тулд М.Энхсайханы “баг”-тай гаp барилцахаас өөр аргагүй. Нэгэнт л олонх болж чадахгүй бол аль нэг хүчинтэй хамтрахаас өөр сонголт АН-д байхгүй. Иймд угшлаа даган өөрсдийнхөө талд байгаа МҮАН-ын таван гишүүнтэй ураг барилдаж, М.Энхсайханыг Засаг руу оруулж ирж мэдэх л юм.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн Толь” 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш