О.Чулуунбатын хэрэг прокурорт хянагдаж байна
О.ЧулуунбатМонголбанкны ерөнхийлөгч асан, Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбатад холбогдох хэргийг АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ. Түүнийг “Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” хэмээн шалгаж байсан ч гишүүнийх нь бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй учир хэргийг Нийслэлийн прокурорын газраас түр түдгэлзүүлээд байсан. Харин сонгууль дууссаны дараа түүний хэргийг сэргээн шалгаж эхэлсэн билээ. О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж, 11 тэрбум, Жорж Чалмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хуулийн 264.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял, 150.3-т зааснаар эд хөрөнгийг нь хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ажээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг яллагдагчаар татна
Д.ДондогУИХ-ын гишүүн асан Д.Дондогийг өөрийн туслах Д.Сайнбаяраар дамжуулан 2008 оны хоёрдугаар сарын 8-нд орон сууц барих газрын зөвшөөрөл авч өгнө гэж мэхлэн ”Меридан” компаниас 242 000 ам.доллар, 400 сая төгрөг авсан байдаг. Энэ хэрэгт нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаас болж тодорхойгүй шалтгаанаар түдгэлзүүлээд байсан юм. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа хэргийг сэргээн шалгаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна. Гишүүн бусдаас залилан авсан мөнгөө сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан нь тогтоогдоод байгаа юм. Уг хэрэгт Д.Дондог, Г.Сайнбаяр А.Батбилэг, Б.Батхүү, Б.Баасанхүү, А.Ариунболд, Д.Ширнэндорж, Д.Баттулга нарын 10 гаруй хүн холбогджээ.
БЗД-ийн Засаг дарга Б.Батзориг нарт холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна
Б.Батзориг “Мянганы сорилтын сан”-гаас хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү төсөлд зарцуулагдах мөнгийг нэр бүхий хүмүүс завшсан хэргийг Нийслэлийн прокурорын газар шалгаж байгаа. “Мянганы сорилтын сан” “Цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлд амьдарч байгаа амьдралын төвшин доогуур иргэдэд өгөх гэрийн дулаалга, бүрээсэнд зарцуулах хөрөнгийг Баянзүрх дүүргийн зарим хорооны Засаг дарга нар, “Хас” банкны зарим ажилчид болон хувийн компанийн удирдлагуудтай хуйвалдаж, хувьдаа завшчээ. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар, мөн дүүргийн Засаг дарга Б.Батзориг, “Сэлбэ дулаан” ХХК-ийн захирал Н.Мөнхтогтох нарыг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
“Увсын хоёр”-ын хэрэг прокурорт шилжлээ
Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сурталчилгааны үеэр “байрыг нь түрээсэлсэн” гэсэн хуурамч баримт үйлдэн иргэдэд 100 000 төгрөг тараасан хэрэг гарч, баримтаар нотлогдсон билээ. Хэргийг эхлээд Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж байсан. Харин өнгөрсөн сард ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн юм. ТЕГ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргэн татах асуудал яригдах юм.
Д.Батхуягийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Д.БатхуягАшигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалган мөрдөн байцааж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон, “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын ашиглалт нь дууссан таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид өгсөн хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм.
Э.Цасчихэр нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусчээ
Э.ЦасчихэрУвс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИХТ-ийн дарга Д.Батсайхан нарт холбогдох хэрэг удаан хугацаанд сунжирсаар байна. Тэдний хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан. Улмаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих, Д.Батсайханыг мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасаад, хоёр жил хорих ялыг анхан шатны шүүх ногдуулсан юм. Гэвч тэд Нийслэлийн шүүхэд давж заалдсан. Харин Нийслэлийн шүүхээс мөрдөн байцаалтын зарим ажиллагаа дутуу байна гэж үзэж, мөрдөн байцаалтын шатанд буцаасан. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж дуусч байгаа ажээ.
Б.Болор
Эх сурвалж: "Монголын Мэдээ"