logo
 Рентгенийхээ тоог нэмэхгүй бол гэмтлийн эмнэлэгт “Дайн” дэгдэх нь, эрүүл мэндийн сайд аа

Рентгенийхээ тоог нэмэхгүй бол гэмтлийн эмнэлэгт “Дайн” дэгдэх нь, эрүүл мэндийн сайд аа

2012/10/24

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ хаалгаар оронгуут өвчиндөө шаналж, хүүхэд шиг гингэнэх хөгшин, залуу иргэдийн уртаас урт цуваа угтана. Тэнд цус нөжиндөө хутгалдсан, таяг тулсан, толгойгоо хагалсан гээд харахад ч нүд халтирам дүр төрхтэй хүмүүс зөрөлдөх аж. Цаашлах тусам хэсэг иргэний маргалдах чимээ улам тодров. 

Тэд рентген зураг авахуулах гэж ийн ноход шиг “уралцаж” байгаа нь энэ. Өвчиндөө шаналж буй хүнд урт дарааллыг хүлээнэ гэдэг цөлд ус хайхтай адил санагддагийг хуруугаа хүндээр гэмтээсэн залуугийн уур бухимдлаас олж харлаа. Тэр залуу өвдөлтөө тэсэхээ байж, эмнэлгийн хаалгыг өшиглөж, “Рентген аппаратныхаа тоог нэмээч” хэмээн уйлж байгааг нүдээрээ харав. 

Уул шиг ханхар залуу ийн уйлахыг хараад бүр балмагдаж орхив. Өвчтөнүүдтэй хамт хоёр цаг орчим байхдаа эрүүл миний бие өвдчих шиг л болсон. Үнэндээ ганцхан рентген аппаратаар ийм олон хүний зургийг авна гэдэг эмч нарт ч хэцүү байгаа нь ойлгомжтой. ГССҮТ-ийн хүлээн авах тасагт байрлах эл рентген аппаратаар өдөрт 250 гаруй өвчтөнд үйлчилдэг.

Бэртэж, гэмтсэн иргэд хамгийн түрүүнд зургаа авахуулж байж цаашид ямар эмчилгзэ хийлгэхээ шийддэг учраас ийн дараалал үүсэх нь хэвийн үзэгдэл болжээ. Уг нь ГССҮТ-д рентген хоёр аппарат байсан юм билээ. Даанч ачаалал хэтэрснээс болж нэг нь эвдэрчихсэн. Тиймээс өнгөрсөн жилээс хойш үлдсэн ганц аппаратаараа шагай, нуруу, шуу, сарвууны зураг авч байгаа аж. Үндсэн зориулалтаараа бол хоёр төрлийн зураг авах ёстой. Дахиад ачаалаа даахгүй эвдэрчих вий гэж эмээж буйгаа рентген техникч эмэгтэй учирлан ярив.

Ингээд ГССҮТ- ийн Дүрс оношлогооны тасгийн ахлах  лаборантН.Тайванаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Рентген зураг авахуулах гэсэн иргэд нэлээд бухимдалтай байх шиг байна. Яагаад удаад байгаа юм бол?

-Ганцхан аппаратаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, хүлээн авах тасагт ирсэн шинэ өвчтөнүүдийг зэрэг үзэж байгаа учраас ингэж удаж байна. Өвчтөнүүдээ хоёр хаалгаар хуваагаад оруулж байна. Дулааны улиралд ачаалал улам л ихэсдэг. Бид иргэддээ хурдан шуурхай үйлчлэхийн тулд 24 цагийн турш тасралтгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Хоёр рентген аппараттай байсан ч нэг нь эвдэрсэн. Засуулахад ойролцоогоор 50 сая төгрөг шаардагдаж байгаа.

-Шинээр рентген аппарат авах санал, хүсэлтээ эмнэлгийн удирдлагадаа хэлсэн үү?

-Бид санал хүсэлтээ гаргасан. Ирэх онд рентген аппарат авах хөрөнгө мөнгө нь батлагдсан. Зөөврийн болон ЭХО-ны шинэ аппараттай болох сурагтай. Манайхан ингэнэ, тэгнэ гэж ярьдаг ч ажил хэрэг болгохдоо уддаг. Тиймээс рентген аппаратын тоог яаралтай нэмээсэй.

-Өвчтөнүүд эмч нарыг хэл амаар доромжлох тохиолдол их гарах уу?

-Сүүлийн үед ганцхан аппарат ажиллаж байгаа болохоор өвчтөнүүд дайрч доромжлох нь ихэссэн. Хэрэв хоёр, гурван аппарат байвал манай эмнэлэгт хүний нөөц хангалттай байна. Таван рентген техниктэй. Хорь гучин жил ажилласан туршлагатай эмч, техникч олон бий. Гэтэл иргэд бидэнд уур бухимдлаа гаргаж, хаалга үүд цөм цохих нь наад захын жишээ.

-Өвчтөнүүд ихэвчлэн ямар гэмтэлтэй ирдэг вэ?

-Манайд ирсэн өвчтөнүүдийн 80 хувь нь гэнэтийн аваар осолд өртсөн хүмүүс байдаг. Үлдсэн нь ахуйн осолд өртсөн иргэд. Гурван ээлжээр, тав таван цагаар 10 орчим эмч, сувилагч иргэдэд үйлчилдэг. Ийн тэрбээр яриагаа ч гүйцэд дуусгалгүй өвчтөнөө үзэхээр яаравчлав. Түүнд суух ч зав байхгүй бололтой. Өвчтөнөө үзэх хооронд нь амжиж яриагаа авсан юм.

Дүрс оношлогооны тасгийн үүдэнд өвчтөнүүд нэмэгдсээр л байв. Бүгд түрүүлж үзүүлэхээр бие биетэйгээ ана мана үзэлцэх юм. Би чамаас өмнө ирсэн, чи надаас хойно ирсэн гээд л зодолдох нь холгүй хэрэлдэх аж. Харин тэднээс нэлээд зайдуу чимээгүйхэн зогсох бор царайтай махлаг залуугаас яриа авахаар дөхпөө.
Түүнийг О.Халтархүү гэдэг.

Гараа хугалаад зургаа авахуулахаар хүлээж буй нь энэ. Өглөө 10.00 цагт ирсэн ч 13.30 цагт л хэргээ бүтээжээ. Тэрбээр “Рентген аппаратын тоог нэмчихвэл бүх асуудал шийдэгдэнэ. Ер нь байнга л ийм байдалтай байх юм. Иргэд хамгийн багадаа гурван цаг л хүлээдэг. Эрх мэдэлтнүүдийг энэ асуудалд анхаарал хандуулаач гэж хүсмээр байна" гэв.

Түүнтэй адил хүсэлтэй хүмүүс энэ эмнэлгээр дүүрэн байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд эрхэм Н.Удвал таныг ГССҮТ-д зочилж, иргэд ямар нөхцөл байдалтай эмчлүүлж байгааг хараасай хэмээн тус эмнэлгийн олон өвчтөнүүд урилга дайсныг давхар уламжилъя.

Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: “Монголын Үнэн”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш